СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-08-30

Нийслэлд ерөнхий боловсролын 307 сургуульд 384,676 хүүхэд суралцана

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 сарын өмнө

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанаар 2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин өглөө. 

Тэрбээр “Энэ хичээлийн жил нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр цэцэрлэгт 142,798 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 15,147 багш, ажилтан ажиллана. Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд 116,337 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Удахгүй хоёрдугаар шатны бүртгэлийг хийж, баталгаажуулна. Харин ерөнхий боловсролын 307 сургуульд 384,676 хүүхэд суралцана. Үүнд нийт 23,372 багш, ажилтан ажиллах юм.  Одоогоор нэгдүгээр ангид 38,356 хүүхэд цахимаар бүртгүүлж, элсэн суралцах хүсэлт гаргаад байна” гэлээ.

 

2023 он гарснаас хойш нийслэлд 14 цэцэрлэг, 7 сургууль, 2 бага сургууль ашиглалтад орсон юм. Мөн цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 122 обьектыг түрээсэлж, хүртээмжийг нэмэгдүүлж ажилласан байна. Харин төр болон хувийн хэвшлийн сургуулийн хэмжээнд нийт 288 сурагчийн автобус үйлчилгээнд явна. Үүний 50 автобус нь улсын сургуулийнх юм. Түүнээс гадна сурагчийн үдийн хоол үйлдвэрлэлийн тухайд 60 сургууль өөрийн гал тогоотой. Харин 90 сургууль түрээсээр дээрх үйлчилгээг сурагчдад үзүүлнэ. Энэ жил дахин 28 сургуулийг бие даасан гал тогоотой болгохоор ажиллаж буйг Нийслэлийн боловсролын газрын дарга хэллээ. Мөн замын ачаалал ихтэй хэсгүүдэд 58 сургуульд хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалт хийхээр төлөвлөжээ. 

Харьяа газрын мэдээлэлтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид сургалтын чанар, агуулгад анхаарах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах, үдийн хоолны үнийн дүнг нэмэгдүүлэх, сургуулийн барилгын ажлыг хугацаанд нь дуусгаж ашиглалтад оруулах, шинээр ашиглалтад орж буй сургуулиудын бодит нөхцөл байдалтай танилцах, сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй орчинг бүрдүүлэх зэрэг асуудлыг анхаарч ажиллах талаар саналаа хэлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.