"Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдын эхнэр Х.Янжингаажид өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Тордайн Ганболдын машин хулгайлсан хэрэг 2 жилийн турш нэг ч шүүх хурал бололгүй тав дахь удаагаа хойшиллоо" хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн. Үүнтэй холбоотой шүүгдэгч Б.Энхээ нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан яагаад хойшилсон талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас тайлбар өгчээ.
Тус тайлбарт ,"Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийн эрхийг зөрчих/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Энхээд, мөн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Отгондулам, Т.Баяраа нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.
Шүүх 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдааныг товлосон боловч Шүүгдэгч С.Отгондуламын өмгөөлөгч нь “...2023 оны 08 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хот руу томилолтоор ажиллахаар явж байгаа...” гэх, мөн Улсын яллагч шүүх хуралдаанд “...Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд шинээр томилолтоор оролцож байгаа тул хэргийн материалтай танилцах хүсэлтэй байна. Шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтүүдийг тус тус гаргасан.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар /шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон/ шүүх хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэв" гэж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ene huuhen evguin bn lee