Намрын намарт л их, дээд сургуулиудыг нүүлгэх яриа хөөрөө хуурай өвсөнд ассан түймэр шиг тархдаг. Тэгэсхийгээд намжчихдаг гэдгийг бид андах биш. Ер нь бол хичээл сургууль цугларч түгжрэлд бухимдсан иргэдийг тайвшруулах, “гал” унтраах арга л даа. Үе үеийн хотын дарга, боловсролын сайд нар оюутнуудыг хотоос нүүлгэнэ гэж яриад лав 15-16 жилийн ойтойгоо золгож байна. Ийм шүүмжлэл ч ойрын өдрүүдэд нийгмийн сүлжээг “дэлбэлэх” нь холгүй байгаа.
Хотын багийнхны ярианы өнгө аясаар бол 41 мянган оюутныг хотоос гаргахаас гадна орон нутгийн эдийн засгийг тэлэх боломж гэж тайлбарласан. Ингэхдээ Баянхошуу дэд төв рүү МУБИС, ХҮИС, Сэлбэ дэд төв рүү СУИС, Шар хад дэд төв рүү ШУТИС, АШУҮИС-ийг нүүлгэнэ гэлээ. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд хотоос гарах сургууль болон нүүлгэх газрын байршлыг тодорхой танилцуулчихаад байгаа. Гэхдээ энэ дунд хувийн томоохон сургуулиудын нэр харагдсангүй. Тодруулбал, бүхэл бүтэн комплекс хэлбэрээр өргөжиж үйл ажиллагаа явуулж буй Их засаг олон улсын их сургууль, Эрдмийн сургууль, МҮИС, Улаанбаатар их сургууль, Рояаль олон улсын дээд сургууль, Шинэ Монгол технологийн дээд сургууль, Этүгэн, Оточ манрамба, Ач анагаах ухаан, Олон улс судлалын дээд сургууль гээд бичээд байвал урт жагсаалт гарна. Оюутны тоо ч хэдэн мянга хол давна. Үндсэндээ МУИС нүүхээр бол МҮИС бас нүүх үү эсвэл үлдэх үү гэдгийг л асуумаар байгаа юм. Түүнээс улсын хэдэн сургуулиудаа “ноолчихоод” хувийн том комплексуудаа “хөдөлгөж” чадахгүй бол шударга бус. Түгжрэлийн шийдлийн үр дүн ч гарахгүй биз.
Их, дээд сургуулиудыг огтоос нүүлгээгүй юм биш. Анагаахын сургуулийг хотын зүүн тийш нүүлгэсэн. Дотоод хэргийн их сургуулийн зэргэлдээ Анагаахын нэг сургууль бий. Гэтэл хотын төв дэх анагаахын сургууль нэрээ өөрчилж Анагаахын үндэсний их сургууль болоод улам л өргөжиж өнгө зассан. Оюутан, багш ажилчдынх нь тоо ч улам олширсон байх. Өөр үр дүн гарсангүй. Үндсэндээ их, дээд сургуулиудыг нүүлгэж түгжрэлээс ангижрах манай төрийн нүүр царай, ажил хариуцсан үе үеийн дарга нарын шийдэл ингэж л хэрэгжлээ. Тиймээс 40 гаруй мянган оюутныг багш, ажилчидтай нь нүүлгэнэ гэдэг ажил бараг л энэ намрын бодол байх вий. Дээр нь төр, түмний гэж ялгахгүйгээс МУИС, МҮИС хоёроо хамтад нь нүүлгэхэд бас л их “бяр” орно доо.
Их, дээд сургуулиудыг нүүлгэх тал дээр ажил хариуцсан дарга нар хоногийн зайтай хоёр мэдэгдэл хийлээ. Хотын дарга Д.Сумъяабазар “Шархад, Улиастай, Сэлбэ гэх дэд төвүүдэд суурилсан их, дээд сургуулиудыг гаргах бодлогыг хэрэгжүүлмээр байна. Орон нутгийн төсвийн бааз суурийг нэмэгдүүлэх эерэг дам нөлөөг бий болгоно гэсэн үг" гэж мэдэгдээд байгаа. Тэгвэл өчигдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлэхдээ “Засгийн газар Дархан, Эрдэнэт, Хөшигийн хөндий рүү гэх мэт шийдвэр гаргачихсан. Олон санал гарч болно. Гэхдээ хамгийн гол нь үндэслэлтэй, тооцоо судалгаатай мэдээлэл хиймээр байгаа юм. Тэгэхгүйгээр гэнэтийн мэдээлэл хийж, ард иргэдийг бухимдуулж болохгүй гэж бодож байна" гэв. Нэгдэж нийлээд ажил хэрэгжүүлэх ёстой хоёр дарга нь ээлж дараалаад зөрчилтэй мэдэгдэл хийж, нэг ширээний ард биш тус тусын амбиц хөөгөөд байгаа нөхцөлд ирээдүй бүрхэг л харагдаж байна даа.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 167 (7152)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
9 сарыш 1 ний урд өдөр гэнэт рэлдэг юм биш л дэ аргагүй л бөх дурак
Яаж ч бодсон энэ боломжгүй зүйл. Хотын зах руу нүүлгээд түгжрэл буурахгүй. Хотоос гаргаад ч үлдсэн байр саванд нь шинэ хувийн сургууль бий болох тул бас бүтэхгүй. Ганц гарц нь сургууль , оюутнаа л цөөл.