ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнг үүсгэн байгуулагч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ж.Цолмонтой ярилцлаа.
-Тархи, сэтгэл судлалын хүрээлэнд их өрнөлтэй долоо хоног болоод өнгөрлөө. “Салбар дундын тархи судлал-2023” сэдэвт долоо хоногийн үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхлэх үү?
-ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Дэлхийн тархи судлалын байгууллага, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын Нейросайнсын нийгэмлэг хамтран “Салбар дундын тархи судлал-2023” сэдэвт Тархи, сэтгэл судлалын долоо хоногийг зохион байгууллаа. Энэ долоо хоногийн хүрээнд дөрвөн том ажил хийгдлээ. “Салбар дундын тархи судлал-2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Тархи, сэтгэл судлалын үндэсний хөтөлбөр” сэдэвт панел хэлэлцүүлэг, “Трансляц ба төрх үйлийн тархи судлал” сэдэвт тархи судлалын олон улсын сургалт, “Сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны арга зүй-2023” сэдэвт сэтгэл судлалын сургалт гэсэн дөрвөн үйл ажиллагааг амжилттай боллоо. Дээрх ажлуудыг зохион байгуулах гол зорилго бол тархи судлалын судалгааны үндсэн арга техникийн онол, дадлага, туршлага олгох, эмнэлзүйн нейросайнсын салбарт хэрэглэгдэж байгаа сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээний аргуудын үндсэн ойлголт олгох, эрдэм шинжилгээний илтгэл танилцуулах чадвар олгох, салбар дундын судлаачдын гадаад, дотоод хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинжлэх ухааныг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад чиглэгдлээ.
Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногт Дэлхийн тархи судлалын эрдэмтэд Монгол Улсад ирж Салбар дундын тархи судлал олон улсын хурал, Дэлхийн тархи судлалын байгууллагатай хамтарсан сургалтыг зохион байгуулснаар дэлхий тэр чигтээ бүтэн долоо хоног Монгол Улс руу анхаарлаа хандуулдаг уламжлал тогтоод байна.
Түүнчлэн 2018 онд АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байхдаа эрдмийн нөхдийн хамт тархи судлалын чиглэлээр мэргэшсэн олон улсын эрдэмтдийг урьж, гадаад, дотоодын нийт 1000 гаруй эрдэмтдийг төрийн ордонд нэг дор цуглуулан “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байсан сайхан түүх санаанд орж байна. Тэр хуралд Монголд анх удаа тархи судлалын салбарын Нобелийн шагналт эрдэмтэн, Тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер хүрэлцэн ирж лекц уншиж байсныг дурдахад таатай байна шүү.
-Манай улс руу анхаарлаа хандуулдаг энэ удаагийн тархи судлалын долоо хоногийн үйл ажиллагаанд ямар хүмүүс оролцов, гадаадын эрдэмтэд их байх шиг байсан?
-Гадаадаас 10 эрдэмтэн ирсэн. Дэлхийн сэтгэцийн эмгэг судлалын ассоциацийн хүндэт ерөнхийлөгч доктор, профессор Norman Sartorius, Япон Улсын Физиологийн шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгийн захирал доктор, профессор Junichiro Nabekuro, дэд захирал доктор, профессор Kubo Yoshihiro, Тохокүгийн их сургуулийн Биологийн хүрээлэнгийн захирал К.Цүцүй, Малайз Улсын Путра их сургуулийн доктор, профессор Sharmili Vidyadaran, Япон Улсын Төв эмнэлгийн Психосомат анагаах ухааны тасгийн эрхлэгч, доктор, профессор Tetsuya Hiramoto, АНУ-ын Брауны их сургуулийн доктор, профессор Jerome Sanes, Япон Улсын Йога сэтгэл заслын нийгэмлэгийн ерөнхийлөгч Keishin Kimura нар хүрэлцэн ирсэн. Мөн энэ удаагийн хуралд Нобелийн шагналтан Эдвард Мозер ирж лекц унших байсан ч гэнэтийн ажил гараад ирж амжаагүй ч тусгайлан мэндчилгээ илгээсэн байна.
Мөн ШУА-ийн ерөнхийлөгч, академич Р.Рэгдэл тэргүүтэй хүрээлэнгүүдийн захирал, манай шилдэг эрдэмтэн судлаачид, эмч, багш, сэтгэл зүйч нарын 200 гаруй зочид төлөөлөгч оролцсоноос гадна олон нийтэд нээлттэй зохион байгуулагдсанаараа онцлог боллоо.
Тархи судлалын олон улсын сургалтад дээрх эрдэмтэд мэдрэлийн эсийн бүтэц, үйл ажиллагаа болон төрх үйлийн тархи судлалын талаарх суурь ойлголт, судлах арга аргачлал, түүний эмнэлзүйн ач холбогдлын тухай мэдлэг, дадлага, туршлага олгох онолын болон дадлага олгох хичээл орсон бөгөөд уг сургалтад орсон 20 оролцогчийг Дэлхийн тархи судлалын байгууллага сонгон шалгаруулж сургалтад хамруулсан.
Бүх оролцогч өөрийн хийж буй судалгаагаа хэлэлцүүлэх, эксперт судлаачдаас зөвлөгөө авах боломжтой. Түүнчлэн тархи судлалын чиглэлээр суралцах, ажиллахад нь дэмжлэг болох зорилгоор дотоод, гадаадын лабораториудын дэлгэрэнгүй мэдээлэл, судлаач нартай нь холбогдох боломжоор хангалаа. Өмнөх жилүүдэд зохион байгуулсан сургалтын үр дүнд Монголын залуу судлаачдаас АНУ-д хоёр, БНСУ-д нэг, Япон улсад нэг, Их Британид нэг судлаач тус тус магистр болон докторын хөтөлбөрт хамрагдаж, ахисан түвшний урт болон богино хугацааны сургалтад хамрагдан ажиллаж байна.
-Хуралдааны үеэр панел хэлэлцүүлэг явуулж Тархи судлалын үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцсан. Энэ талаар тодруулах уу?
-ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн нь судалгаа шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлон, тархи, сэтгэл судлалын үндэсний хөтөлбөрт тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэхүү хөтөлбөрт Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Инновацын тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Олон улсын гэрээ конвенц зэрэг хууль эрх зүйн хүрээнд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдэд тулгуурлан “Тархи, сэтгэл судлалын үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулаад байна. Тус панел хэлэлцүүлгээр Тархи, сэтгэл судлалын үндэсний хөтөлбөрийг боловсруулах шаардлага үндэслэлийг хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газрын гишүүн Цахим хөгжил, харилцаа, холбооны сайд Н.Учрал, ШУА-ийн удирдлагууд, гаднын зочид бүгд оролцсон.
Хүн амын дундах тархитай холбоотой эмгэгийг оношлох, илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэхийн тулд тархи судлалын шинжлэх ухааны орчин үеийн технологийг нутагшуулах, үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх, нотолгоонд суурилсан эрдэм шинжилгээний платформ, оношилгооны төв байгуулах, хүн амын дунд тархи, сэтгэл судлалын шинжлэх ухааны боловсролыг олгоход хөтөлбөрийн зорилго оршиж байгаа юм. Энэ зорилгын хүрээнд гурван үндсэн зорилтыг дэвшүүлж байна.
Нэн тэргүүнд Тархи функциональ соронзон резонанстомографи, нейрографи, трансмагнетикстимуляц, вагалстимуляц зэрэг судлалын орчин үеийн дэвшилтэт техник, технологид суурилсан оношилгооны төв байгуулснаар тархитай холбоотой эмгэгүүдийг оношлох, эрт илрүүлэх, эмчлэх шаардлагатай байна. Хоёрт, тархи судлалын үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд дээд боловсролын хөтөлбөрт тархи судлалыг оруулж индекстэй болгуулах, төгсөлтийн дараах буюу ахисан түвшний сургалтад тархи судлал, эмнэл зүйн сэтгэл судлалын нарийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг оруулж үндэсний чадварлаг боловсон хүчин бэлтгэх, боловсролын тогтолцоонд сэтгэл судлалын хичээлийн хөтөлбөрийг тусгах явдал юм. Гуравт, Монгол Улсын хүн амын дундах тархитай холбоотой эмгэгүүдийн тархалт, эмнэлзүйн хэв шинжийг тодорхойлох, тэдгээрийн оношилгоо, эмчилгээний чанарт хяналт, үнэлгээг тогтмол хийж сайжруулах, монгол хүний сэтгэлгээний хэв шинжийг тодорхойлох, үндэсний суурь судалгааг хөгжүүлэхэд чиглэгдэх юм. Панел хэлэлцүүлэгт оролцогчид биднийг санал нэгтэйгээр дэмжиж Н.Учрал гишүүний санаачилгаар улирал тутамд цахим уулзалт хийж байхаар болсон.
-Манай улсад тархи, сэтгэл судлалын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага тулгамдсан асуудлын нэг болсон гэж үзэж байна уу?
-Манай улсын нийт хүн амын хоёр хувь буюу 68 мянга гаруй хүн сэтгэцийн эмгэгтэй, ойролцоогоор нэг хувь нь мэдрэлийн эмгэгтэй болох нь Монголын судлаачдын судалгаагаар тогтоогдсон. Нөгөөтэйгүүр архаг мэдрэлийн ядаргаа 18-65 насны хүн амын дунд 20 орчим хувьд нь тохиолдож байгаа бөгөөд сэтгэц, мэдрэлийн өвчин нь хүний хөдөлмөрийн чадвар алдагдах гол шалтгаан болж байдаг. Монгол хүний дундаж наслалт уртассантай холбоотой стресс, хөгшрөлтөөс хамааран суурь өвчин, эмгэгүүд ихсэх хандлагатай байна. Стрессийн шалтгаант архинд донтох, бамбай булчирхайн хордлого, бодисын солилцооны эмгэг, артерийн даралт ихсэх, цус харвалт, хөгшрөлтөөс улбаалан тэнэгрэл, сэтгэл гутрал, чихрийн шижин, зүрх, судасны өвчлөл, тархины сөнрөлт альцхаймер, паркинсон өвчин оношлогдох боллоо.
Эдгээр өвчнүүд ихсэх хандлагатай байгаа нь нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг бөгөөд зардал нь улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна.
Сүүлийн жилүүдэд хүн амын дунд архи, сэтгэцэд нөлөөлөх бодис, дижитал дэлгэцийн донтолт, амиа хорлолт, гэр бүл, сургууль орчмын үе тэнгийн хүчирхийлэл нэмэгдсэн гэх судалгаа бий. Залуучуудын дунд ирээдүйд итгэх итгэл хомс, өсвөр, залуу үеийнхний 10-20 хувь сэтгэл түгших эмгэгтэй, хорт зуршлын хэрэглээтэй, сэтгэл хөдлөлөө хянах байдал дутмаг зэрэг сэтгэл зүйн эрүүл мэнд, зан үйлийн тулгамдсан асуудалтай байна.
Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа, тоо баримтаас сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлээгүйгээс 30 хувь нь сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй болох эрсдэл өндөртэй гэж үздэг. Иймд дээрх эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоо хөгжөөгүй, оношилгоонд цаг алддаг, онош тогтоогдохгүй байх, хуурамч оноштой холбоотой буруу эмчилгээ хийлгэх, гадаадын өндөр өртөгт эмнэлгийг зорих зэрэгт цаг хугацаа алдаж, олон эмчээр дамжиж үр дүнгүй эмчилгээнд ордог, хөрөнгө зардал ихээр зарцуулж буй нь өрхийн болоод улсын эдийн засагт ихээхэн хүндрэл учруулж байна. Тиймээс хүн амын дундах тархитай холбоотой эмгэгийг оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, дадал хандлага төлөвшүүлэх, тусламж, үйлчилгээг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.
-Тэгвэл Үндэсний хөтөлбөртэй болсноор иргэдийн тархи, сэтгэцийн эмгэгийн тархалтыг багасгах боломжтой болох уу?
-Тархи судлалын орчин үеийн техник, технологийг эх орондоо нутагшуулж, тархитай холбоотой эмгэгүүдийг оношлох, эрт илрүүлэх, эмчилснээр хүн амын дундах сэтгэц, мэдрэлийн эмгэгийн тархалтыг багасгах, эдийн засгийн зардлыг бууруулах, ялангуяа хөдөлмөрийн насны хүн амын амьдралын чанарыг сайжруулах, нийгэм дэх тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулна. Тархи, сэтгэл судлалын салбарын үндэсний мэргэшсэн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэж, оношилгоо эмчилгээний орчин үеийн шинэлэг стандартыг нэвтрүүлэх, тусламж үйлчилгээг тасралтгүй хангах, чанарыг сайжруулах бололцоотой болохоос гадна боловсролын тогтолцоонд сэтгэл судлалын үндсэн ойлголтуудыг оруулж өгснөөр хувь хүн байгууллагын дунд эрүүл, бухимдалгүй, стрессгүй амьдрах дадлага хандлагыг нийгэмд төлөвшүүлэх, монгол хүний амьдралын чанар сайжрах боломж бий болно.
Тархи судлалын орчин үеийн технологийг нутагшуулж, судалгааны платформ үүсгэж, үндэсний боловсон хүчин бэлдсэнээр тархи, сэтгэл судлалын шинжлэх ухааны эрдэм шинжилгээ, судалгаа эрчимжиж, дэлхийн шинжлэх ухаанд шинэ мэдлэг, технологи, инновацид Монгол Улсаас хувь нэмэр оруулах боломж бүрдэх юм.
-Тархи судлалын долоо хоногийн үеэр сэтгэл судлалын сургалт ч бас явагдсан. Бид сэтгэл зүйн асуудлыг орхигдуулж ирснээ, сэтгэл судлаач зайлшгүй хэрэгтэйг хожуу ч болов ойлгож байх шиг?
-Монгол Улсад XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан болох Тархи судлалын шинжлэх ухааныг нийгмийн суурь шинжлэх ухаан болох сэтгэл судлалын шинжлэх ухаантай хослуулан хөгжүүлэх төрийн бодлого нэгэнт гарч тэр их хариуцлагыг ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн хамт олон нэр төртэй үүрч байгааг хэлэхэд таатай байна.
Бид нийгмийн суурь салбар болох сэтгэл судлалыг шинжлэх ухааны өндөр түвшинд хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Тархи судлалын долоо хоногийн үйл ажиллагааны хүрээнд “Сэтгэл судлалын судалгааны арга зүй-2023” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Бид энэхүү сургалтаар дамжуулан сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны арга зүйн орчин үеийн ололт амжилтыг салбарын мэргэжилтнүүдэд хүргэж, судалгааны ажил, бүтээлээ амжилттай хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан. Тус сургалтыг Монгол Улсын тэргүүлэх зэргийн сэтгэл судлалын эрдэмтэн, анагаах ухааны эрдэмтэн, профессорууд хөтлөн явуулж, танхим болон цахимаар зохион байгуулж сэтгэл судлаач эрдэмтэд өргөнөөр оролцох боломжийг нээж өгсөн. Сургалтыг ШУА-ийн ТССХ-гийн брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулж, цаашлаад сургалтуудад гадаадын эрдэмтэн залуус оролцдог болгохыг зорьж байна.
Манай хүрээлэнгийн хоёр дахь жилдээ зохион байгуулж буй олон улсын хурал, сургалт нь тархи судлалын дэлхийн шилдэг эрдэмтэд арвин туршлагаасаа хуваалцаж, мэдлэгээ манай үндэсний мэргэжилтэн, судлаачдад түгээх, өвлүүлэх үйл ажиллагаа жилээс жилд ач холбогдлоо өгч байна. Мөн “Хиймэл оюун ухаан, Тархи судлалын олон улсын зөвлөл” байгуулагдахаар болсон. Энэ үйл ажиллагааны үр дүнд бид эрдэм шинжилгээний ажилчдаа гадаадын эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах, суралцах боломжоор хангаж байгаа бөгөөд өнгөрсөн жилд таван судлаач, дараа долоо хоногт нэг судлаач АНУ-ын Ратгерын их сургуульд суралцахаар явна. Дараа жил мөн Швейцарь, Япон улсад залуучууд маань доктор, магистрын сургалтад хамрагдахаар болсон нь сайшаалтай.
Ю.Төгсжаргал
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Биднийг тойроод сэтгэцийн өвчтэй хүмүүс их байдаг тэд нарыг оркоор нь дууддаг...
Үгүйээ мөн их сайхан юм яриж бна стэрсгүй нийгэм , бүх талын тусламж дэмжгэл хүн амын дунд урт наслалт эрүүл байлгах шинэ технологи эгээ тэрээ гээд л энэ сайхан эмчилгээ үйлчилгээ хаана байдаг юм бол .Яг амидралд дээр яагмөвдөөд үхэх гэж бгаа хүнийг цаг авч үзүүл гээд цаг авахаар 2-3сарын дараа нэг юугаач мэдэхгүй эмчид очоод баахан үнэтэй эмирай хийлгэх болдог тэгээд хамаг мөнгөө барж дуусгаад харан шинжилгээ аваад очихоор уншиж чадахгүй тэр хэмжээний үнэлэлт дүгнэлт өгөөд эмчилж чадахгүй хүмүүс хүлээж авдагшдээ . Хаана тэр сайхан эслэгийн тусламж үйлчилгээ байдаг юм болоо шал худал
ЭНЭ ҮНЭХЭЭР ТУЛГАМДАЖ БУЙ ХОЙШЛУУЛШГҮЙ АЖИЛ . ЭНЭ ТАЛЫН АЖЛЫГ БҮХ ТАЛЫН НЭГДСЭН СУДАЛГАА ЛҮГНЭЛТ ,АВАХ ЁСТОЙ АЖЛУУДАА НИИТ МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ХАМРУУЛАН ХУУЛIЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ Н БҮРЭЛДҮҮЛЖ ДАЛАЙЦТАЙ ХӨДЛӨХ ЦАГ Н БОЛЖЭЭ . АМЖИЛТ
Ene asuudliig zovhon oorsdoo togoon dotroo heterhii ij hereglee uusgehgui bodied baival shiideh yum shig boli minii sanaa O.h heregtseegee ???