Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг “БӨРТӨ ЧОНО-2018” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 21-нд Соёлын Төв Өргөөнд зохион байгуулагдахаар товлогджээ. Ардын багш Ц.Дамдины санаачилсан энэ шагналын эзнээр хэнийг тодруулах бол гэсэн хүлээлт, догдлол спортын хорхойтнууд дунд аль хэдийнэ бий болсон байдаг. Энэ жилийн “Бөртэ чоно”-ын эзнээр тэр тамирчныг тодруулах болов уу гэсэн таамаг олны дунд буй. Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнчлэлтэй 100 орчим сэтгүүлч энэ санал асуулгад оролцож өөрийн саналаа өгдөг.
16 дахь жилтэйгээ золгож буй уг ёслолын үеэр МҮОХ-ны зүгээс оны шилдэг холбоо, дасгалжуулагч, шүүгч, олимпийн танхим, зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шилдэг залуу тамирчныг шалгаруулна. Харин шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин болон багийг монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчид тодруулдаг уламжлалтай. Улиран одож буй 2018 онд Монголын тамирчид ДАШТ болон Ази тивийн АШТ-нүүдээс алт, мөнгө, хүрэл медаль олон хүртсэн тул энэ жилийн хувьд тэргүүн дээд шагнал гардуулах ёслол өмнөх он жилүүдээс илүү өрсөлдөөнтэй болох дамжиггүй.