Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын байгууллагын залуу офицеруудын чуулга уулзалтад оролцож байгаа алба хаагчидтай уулзалт хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган” ирэх есдүгээр сард болохтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас “Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
Чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 120 орчим алба хаагч оролцож байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын байгууллагын залуу офицеруудын чуулга уулзалтад оролцож байгаа алба хаагчидтай уулзалт хийж байна.
Онцгой байдлын алба жилээс жилд чадварлаг боловсон хүчнээр хүний нөөцөө бэхжүүлж байгаагийн нэг жишээ бол өнөөдөр нийт алба хаагчдын 61,5 хувь нь 35-аас доош насны залуучууд ажиллаж байна. Онцгой байдлын байгууллагын залуу офицеруудын манлайлах, мэргэжлээрээ бахархах, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, урам зоригийг сэргээх, нийгмийн идэвхийг өрнүүлэх тэдний гэр бүл, хөгжлийг дэмжих, олон нийтэд сурталчлан таниулахад чиглэсэн олон ажил, арга хэмжээг “Залуу офицер-Манлайллын жил”-ийн хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах бусад байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлж байна.
Чуулга уулзалтад оролцогчдод төрийн албан хаагчийн ёсзүйн хандлага, төлөвшил болон хувь хүний хөгжлийн талаар мэдээлэл өгсөн байна. Мөн оролцогчид Онцгой байдлын байгууллагын залуу офицеруудын манлайллын нийтлэг зарчим, агуулгыг тодорхойлох, хамтын ажиллагааг бэхжүүлж нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг бий болгоход алба хаагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий нэгдсэн зөвлөмжийг хэлэлцэн, гаргасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.