Уруйн үер буусан Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчимд наймдугаар сарын 7-ноос өнөөдрийг хүртэл ариутгал, халдваргүйжүүлэлт хийж буй.
Ариутгал, халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй зургаан компани таван мананцар үүсгэгч автомашинаар нийтийн эзэмшлийн зам, талбай, айл өрхүүдийн хашаа, нүхэн жорлон болон гэр дотор хийж байна.
“Хунт хайрхан” ХХК-ийн эрүүл ахуйч, эмч Б.Алтанцэцэг “Бид ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн эхний өдөр буюу наймдугаар сарын 7-ныд 24,440 ам.метр талбайг ариутгасан бол бусад өдөр дунджаар 50 мянга гаруй ам метр талбайг хоёр удаагийн давтамжаар ариутгаж буй. Хэт халалтын улмаас буюу 30-аас дээш хэмд хлорын нэгдэл ууршаад алга болдог учир ариутгал, халдваргүйжүүлэлтийг өглөө болон үдшийн сэрүүнд хийж байгаа. Мөн бид ариутгал, халдваргүйжүүлэлт хийх үеэрээ айл өрхүүдэд гэрийн нөхцөлд хэрхэн ариутгал, халдваргүйжүүлэлт хийх талаарх зөвлөмжийг өгөн ажиллаж байна” гэлээ.
Лаг шавар их хэмжээгээр орсон айлуудын гэрийг 0.06 хувийн ариутгалын уусмалаар ариутгаж байгаа бол гадна талбайг 0.1 хувийн уусмалаар ариутгаж байгаа аж. Ингэхдээ жавелион, клорсепт 17, просан зэрэг бодисыг ашиглаж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.