СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-08-05

Д.Амарбаясгалан: МАН эх орондоо өрнөж буй дэвшилтэт шинэчлэлийг манлайлан хэрэгжүүлсээр ирсэн

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
9 сарын өмнө

Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурлын салбар хуралдааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ. Тэрбээр зочид төлөөлөгчдөд хандан Монгол Улсад тавтай морилохыг уриалаад Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурал (ICAPP) манай улсад зохион байгуулагдаж байгаад Монгол Улсын Засгийн газар, МАН-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Үгийнхээ эхэнд тэрбээр МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа учир чуулганд оролцох боломжгүйг уламжлаад түүний мэндчилгээг дамжуулсан юм. Үргэлжлүүлэн Азийн улс төрийн намуудын хамтын ажиллагааны илрэл болсон энэхүү бага хурлыг манай улсад зохион байгуулахад бодлогын дэмжлэг үзүүлсэн ICAPP-ын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.



“Дэлхий дахинаа өрнөсөн цар тахлын дараа Монгол Улсад зохион байгуулагдаж буй энэхүү хурлын зорилго нь Ази тивийн нийтлэг ашиг сонирхол, тулгарч буй сорилтууд, цаашдын боломж, гарцыг эрэлхийлэх явдал юм. Та бид цуглан чуулж байгаагийн ач холбогдол нь нээлттэй яриа хэлэлцээ өрнүүлж, үр дүнтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлж ойрын ирээдүйн төлөв байдал, оновчтой бодлогын шийдэл, арга замыг тодорхойлоход оршино. МАН 2004 оноос ICAPP-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 онд Байнгын хорооны гишүүнээр элссэн нь бидний олон улс дахь үйл ажиллагаа улам өргөжихөд нэгээхэн чухал алхам болсон. МАН эх орондоо өрнөж буй дэвшилтэт шинэчлэлийг манлайлан хэрэгжүүлсээр ирсэн түүхэн замналтай тул энд хүрэлцэн ирсэн зочид та бүхэнтэй харилцан сайн туршлагаа хуваалцахад баяртай байх болно. Та бидний хамтын ажиллагаа иргэддээ тэгш боломжийг баталгаатай бүрдүүлж өгсөн, хүний эрхийг дээдэлсэн, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалсан, хот-хөдөөгийн хөгжлийн ялгааг бууруулсан, эх орныхоо хүссэн газар сайхан амьдрах боломжтой иргэнлэг, хүмүүнлэг нийгмийг бүтээхэд чиглэгдэнэ гэдэгт итгэж байна” хэмээн онцлоод хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.



Цар тахал нь залуучууд, эмэгтэйчүүдийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж байгааг илтгэх статистик үзүүлэлтүүд гарч байна. Иймд энэхүү сорилтыг даван туулах хөгжлийн бодлогыг төлөвлөхөд залуучууд, эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог чухалчлах нь зүй ёсны болжээ. Тиймээс энэ удаагийн залуучуудын VI, эмэгтэйчүүдийн VII хурлын үеэр хэлэлцэх сэдвүүд нь цаг үеийн тулгамдсан чухал асуудлыг хөндөж буй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.