ДЭМБ, Номхон далайн баруун эргийн дата, стратеги, инновацийн баг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн их өгөгдлийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсад ажилласан дүнгээ өчигдөр /2023-07-28/ ЭМЯ-ны удирдлагад танилцуулж дүгнэлт, зөвлөмжөө гардууллаа.
Монгол Улсын Засгийн газар 2022 оны тавдугаар сарын 1-нээс улс даяар зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн 648 байгууллагын 5000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг түшиглэн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээг хийж байна.
Эдгээр эрүүл мэндийн байгууллагуудын эрт илрүүлгийн цахим мэдээллийн программуудыг стандартын дагуу эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн платформ бий болгох зорилгоор нэгтгэн мэдээллийг солилцож, улмаар эрт илрүүлгийн их өгөгдөл (Биг дата)-ийн санг бий болголоо. Дээрх өгөгдөл дүн шинжилгээ хийх цаашид шийдвэр гаргагчдыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах, бодлогын баримт бичгүүдийн суурь дата болгохоор судалгааны багууд ажиллаж байгаа юм.
Манай улсын хувьд энэ оны долдугаар сарын 27-ны байдлаар эрт илрүүлэг үзлэгт улсын хэмжээнд 1 079 460 хүн хамрагдсанаас 482 561 буюу 44.7 хувь нь эрэгтэйчүүд, 596 899 буюу 55.3 хувь нь эмэгтэйчүүд байна
Байршлаар нь харуулбал 544 599 буюу 50.5 хувь нь Улаанбаатар хотод, 534 861 буюу 49.5 хувь нь орон нутагт хамрагдсан байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 621 591 буюу 57.6 хувь нь 0-17 насны хүүхэд, 457 869 буюу 42.4 хувь нь 18-аас дээш насныхан байна.
ДЭМБ, Номхон далайн баруун эргийн бүсийн Дата, стратеги, инновацийн захирал доктор Кидонг Парк багийг ахалж ажилласан бөгөөд тэд Монгол Улсад ажиллах хугацаандаа эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж байгаа лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшил, төрийн байгууллагуудаар явж уулзалт хийж цахимаар хэрхэн мэдээллээ цуглуулж байгаа, түүнийг нэгтгэж дата анализ хийж буйтай танилцсан байна.
Доктор Кидонг Парк Монгол Улс эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт маш их ач холбогдол өгч зохион байгуулж буй нь бусад улс оронд жишиг болохуйц байгаа төдийгүй бодлогын стратеги бүхий дүгнэлтийг гаргах боломжуудыг бий болгож байна хэмээн дүгнэснээ хэлээд энэ чиглэлд Монголын эрдэмтэдтэй хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн цаашид Монгол Улсын эрт, илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, их өгөгдөл, арга зүй, нийгмийн эрүүл мэндийн бодлогыг боловсруулах, тогтолцоог бэхжүүлэхэд хамтран ажиллахаар шийдвэрлэсэн талаар танилцуулж цаашид энэ үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж арга зүйн болон техникийн туслалцаа үзүүлэх боломжтой гэсэн юм.
Тэрбээр мөн Монгол Улс эрүүл мэндийн салбарын мэдээллийн төвтэй болох нь маш чухал гэдгийг онцлоод өвчний олон улсын ангилал болох ICD-10 -аас ICD -11 рүү шилжихэд анхаарч ажиллахыг зөвлөсөн.
Түүнчлэн ДЭМБ их өгөгдөл бодох, нийгмийн эрүүл мэндийн бодлогын баримт бичиг боловсруулах, өвчний ачаалал эрсдэлт хүчин зүйл, дүн шинжилгээ хийхэд тодорхой тусламж дэмжлэгийг үзүүлэх талаар дүгнэлтдээ дурдсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.