УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Д.Кёкүшюзанбатбаяр, гэргий, Гавьяат жүжигчин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалан хэлэлцээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд цагаатгах тогтоол гаргасан билээ.
Анхан шатны шүүхийн эл тогтоолыг НПГ-ын хяналтын прокурор Б.Ганбулган эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өчигдөр тус шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэлээ. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолтой санал нийлэхгүйгээ илэрхийлсэн хохирогч “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийнхан, иргэний нэхэмжлэгч Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн нар илэрхийлж, бас давж заалдах гомдол гаргасан юм.
Шүүх бүрэлдэхүүн прокурорын эсэргүүцэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлтэй гэж дүгнээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болов.
НПГ-аас Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан бусдыг залилан мэхэлсэн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Тодруулбал, Д.Кёкүшюзанбатбаяр гэргийнхээ хамтаар Богд хан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай хэд хэдэн бүсэд газар авч, түүнийгээ зориулалт бусаар ашиглаж төрийн яамныхныг мэхэлсэн, “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн гэх зэрэг хүнд тухайн газраасаа өгч, оронд нь автомашинууд авч мөнгө угаасан хэрэгт холбогдсон юм. Бас Б.Цэрэндоржтой хамтран “Гашуунсухайтаас БНХАУ-ын Ганцмод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуурга байгуулах ажилд хамтарна, хөрөнгө оруулалт хийнэ” гэж өмнөд хөршийн иргэнээс 14 тэрбум шахам төгрөг залилсан, Монгол Улсын Засгийн газар, УИХ, Тэргүүн шадар сайд, Шадар сайд болон яамдын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийн захирал иргэн Вү Сэнчианг гэх хүнд итгэл төрүүлэн 16 тэрбум шахам төгрөгтэй тэнцэх валютыг Н.Болормаатай хамтран мэхэлсэн хэмээн буруутгасан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.