Газрын тос экспортлогч орнуудын байгууллагаас Катар улс гарна гэдгээ мэдэгдлээ. Тус улсын Эрчим хүчний сайд Саад аль Каабигийн хэлснээр ирэх 2019 оны нэгдүгээр сард албан ёсоор байгууллагын гишүүнчлэлээс татгалзах юм байна.
Катар улс хэдийгээр ОПЕК-ын гишүүдээс хамгийн жижиг орон боловч шингэрүүлсэн байгалийн хийн экспортоор дэлхийд тэргүүлдэг. Тус улс гишүүнчлэлээс гарч олон улсын зах зээлд байгалийн хийн нийлүүлэлтээрээ байр сууриа бэхжүүлэх удаан хугацааны стратегийн төлөвлөгөөгөө танилцуулсан.
Энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагуудад Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын уулзалт болно. Уулзалтын өмнөхөн Катар улс байр сууриа ийнхүү танилцууллаа.
“Уг байгууллагад 57 жил гишүүн байсны хувьд гишүүнчлэлээс татгалзах нь амар байгаагүй. ОПЕК-оос гарах шийдвэр ямар нэг улс төрийн зорилгогүй” гэж Катарын Эрчим хүчний сайд Саад аль Кааби мэдэгджээ.
Тус улс жил бүр 77 сая тн шингэрүүлсэн байгалийн хий экспортолдог бол гишүүнчлэлээс татгалзсанаар жилд 110 сая тн хий худалдахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: www.reuters.com