1980-90-ээд оны үед олон нийтийн газар хүүхдээ хөхүүлэх нь тийм ч гаж сонин үзэгдэл биш байлаа. Гэтэл ойрын жилүүдэд дэлхий ертөнц даяаршиж, өрнөдийн соёл нэвтрэхийн хэрээр олон нийт цугласан газарт хүүхдээ хөхөөр хооллох нь хамгийн ичгүүр сонжуургүй явдал мэт болжээ.
Олон нийтийн газар хүүхдээ хөхүүлснээр хэрэгт холбогдох тохиолдол ч гарч байна. Энэ оны эхэнд Энэтхэгийн гэр бүл есөн сартай хүүхдээ аваад хот хоорондын нислэгээр аялжээ. Гурван цагийн турш онгоцонд нисэхэд хүүхдээ хөхүүлэх газар олдоогүй тул шүүхэд зарга мэдүүлсэн байна.
Мөн саяхан нэгэн бүсгүй Колката хотын их дэлгүүрийн угаалгын өрөөнд нялх хүүхдээ хөхүүлж байгаад хөөгджээ. Эмэгтэй эсэргүүцлээ илэрхийлж, олон нийтийн газар хүүхдээ хөхөөр хооллохыг дэмжсэн жагсаал зохион байгуулахаар уриалсан ч жагсаалыг цуцлав. Энэ явдал сошиалд газар авч, их дэлгүүрийн удирдах албан тушаалтнууд эмэгтэйгээс уучлалт гуйн бүсгүйг хөөсөн ажилтнаа ажлаас нь халснаа албан ёсоор мэдэгджээ.
Энэтхэг улсад зарим олон нийтийн газарт угаалгын өрөөнд хүүхэд хөхүүлэхийг зөвшөөрдөг ч орчин нөхцөлийн хувьд эрүүл ахуйн шаардлага хангадаггүй байна. Хамгийн сүүлд төмөр замын буудлуудад хүүхэд хөхүүлэх 100 өрөө нэмж барих шийдвэр гарснаас өөрөөр хөхөөр хооллолтыг эрх баригчид бүрэн дүүрэн дэмжээгүй аж.
Эх сурвалж: www.qz.com