Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хурдан морины салбар хорооноос баталсан “хэмжилтийн ажлын хэсэг” хэмжилтийг олон нийтэд нээлттэй, ил тод, шударга зохион байгуулах ажлыг энэ жилийн наадмаар эхлүүллээ.
Ажлын хэсэгт Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас 10 албан хаагч томилогдон ажилласан бол хөндлөнгийн хяналтаар Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид ажиллав.
Ингэснээр жил бүрийн улсын баяр наадмаар гардаг эрлийз, монгол морьдын өндөр намын маргаан хууль дүрмийн хүрээнд эцэслэгдэж, авлига, танил тал, албан тушаалаа ашиглан мордуулдаг асуудалд цэг тавилаа.
ХХААХҮЯ-наас Хурдан морины салбар хороо, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд уралдах морьдыг үндсэн болон хяналтын давхар хэмжилтээр баталгаажуулах, сэрвээний өндрийн шаардлагад нийцсэн морийг уралдуулах, уралдсан морьдоос айрагдаж, түрүүлснийг нь дахин хяналтын хэмжилтээр оруулах санал өгсөн боловч Хурдан морины салбар хороо хуралдаж, зөвхөн үндсэн нэг хэмжилтээр л сэрвээний өндрийг хэмжиж уралдуулахаар олонхоороо шийдвэрлэж, энэ жилийн наадмыг зохион байгуулсан байна.