Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт 07 дугаар сарын 13-ны өдрийн 15:00-15:30 цагийн орчим орсон түр зуурын аадар борооны улмаас Сайншанд-Хамрын хийдийг холбосон автозам 20 метр орчим газар сэтэрч, 2 автомашин 10 гаруй иргэн үерийн усанд боогдсон нөхцөл байдал үүсчээ.
Дорноговь аймгийн Сайншанд сумаас "Хамарын хийд" явах авто зам түр зуурын аадар борооны улмаас сэтэрч автомашин явах боломжгүй болсон тул тодорхойгүй хугацаагаар замын хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Үүссэн гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс 2023 оны 07 дугаар сарын 13, 14-ний өдөр 2 удаа шуурхай хуралдааныг зохион байгуулсан байна.
Тус хурлаар аймгийн Онцгой комиссын 03 дугаар хуралдааны шийдвэрийг гарган хойшлуулшгүй сэргээн босгох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах талаар Онцгой комиссын дарга холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг, чиглэл өгчээ. Мөн дайчилгаанд ажиллах хүн, хүч техникийн бэлэн байдлыг ханган үер буусан болон эрсдэлтэй бүхий нутагт дэвсгэрт шуурхай хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Мөн аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу сумдын Засаг дарга нарт болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, ард иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, үерийн усны далан, суваг, шуудуу, инженерийн байгууламжид үзлэг, шалгалт хийж, бэлэн байдлыг хангах талаар үүрэг өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.