Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан баг “Манжийн тохой” хэмээх газар автомашинтай дөрвөн иргэн Орхон голын үерийн усанд боогдсон гэсэн тухай дуудлага энэ сарын 13-ны өдрийн 13:10 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 1 цаг 40 минут ажиллаж, 16:08 цагт аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, амь нас, эд хөрөнгийг нь авран хамгаалсан байна.
Энэ өдрүүдэд Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө голуудын адгаар үерийн аюултай түвшинг 5-45 см-ээр давж үерлэж байна.
Орхон гол өнөөдрийн байдлаар Сүхбаатар сум орчим 475 см буюу өмнөх өдрөөсөө өөрчлөгдөөгүй, үерийн аюултай түвшнээс 45 см, Сэлэнгэ мөрөн Сүхаатар орчим усны түвшин 545 см буюу өмнөх өдрөөсөө өөрчлөгдөөгүй, үерийн аюултай түвшнээс 5 см нэмэгджээ.
Мөн Ерөө голын усны түвшин Ерөө сум орчим усны түвшин 429 см буюу өмнөх өдрөөсөө 3 см-ээр нэмэгдэж, үерийн түвшнээс 72 см-ээр, Бугант тосгон орчим усны түвшин 380 см буюу өмнөх өдрөөсөө 2 см-ээр нэмэгдэж, үерийн түвшнээс 30 см-ээр, Дулаанхан тосгон орчим усны түвшин 444 см өмнөх өдрөөсөө 6 см-ээр буурч, үерийн аюултай түвшнээс 18 см-ээр тус тус нэмэгджээ.
Харин Хүдэр голын усны түвшин Хүдэр сум орчим 286 см буюу өмнөх өдрөөсөө өөрчлөгдөөгүй, үерийн түвшнээс 20 см-ээр тус тус давж үерлэсэн байна.
Иймээс эдгээр голын ай саваар нутаглаж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын салбараас анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манжийн тохой гэдэг нь эр хандгайн тохой гэж байгаа юм.Тэнд хандгай их байдаг байж.