Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хүй 7 худагт Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Хотын дарга Үндэсний их баяр наадмаар жил бүр гадаадын хүндэт төлөөлөгчдийг ийнхүү хүлээн авдаг уламжлалтай бөгөөд монгол ёс заншил, өв уламжлалаа сурталчлан таниулдаг билээ.
Уулзалтад Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкоф, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюки, Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач, Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли, КОЙКА-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн орлогч И Кансан тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон юм.
Энэ үеэр Хотын дарга Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдөд Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэхийн зэрэгцээ Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, дэмжин ажилладагт талархал илэрхийллээ.
Гадаад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид ч мөн Хотын даргыг ийн хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэхийн чацуу хамтран ажиллахад ямагт таатай байдгаа уламжлав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.