СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2023-07-12

🔴Дархан-Уул аймгийн уяач Г.Ариунболдын хээр соёолон түрүүллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадам Хүй долоон худагт соёолон насны морьдын уралдаанаар гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Улсын наадмын "Соёолон" насанд 205 морь бүртгүүлж  122 нь гарааны зурхайгаас тоосоо өргөн хурдалснаас Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ түрүү магнайд хурдаллаа. 

Дархан-Уул аймгийн уяач Г.Ариунболд:

-Манай нэг сунгаанаас дээд гурван нас айраг, түрүү хүртлээ. Гуч гаруй адуу сойсон. Энэ жилийн наадам их сайхан болж байна. Маш их баяртай байна. 

Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгэ:

-Төрийнхөө их баяр наадамд их нас, соёолон түрүүлгэлээ. Сунгаанд 30 гарантай давхиад байсан, дээд гурван насанд түрүүллээ. Хээр үрээ Хурхын Чинбатын унаган адуу. Энэ жил Налайхад аман хүзүүдсэн. 

Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбат:

-Унаган тамгатай хурдан халтар үрээ минь төрийнхаа наадмын соёолон насанд 3-т орж айрагдлаа. Ноднин хязаалан насандаа Өвөрхангайн наадамд 6-д орж ирсэн. Эхийн талаасаа Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Шарын Мөнгөнбаатарын унаган адуу, эцэг нь миний Англи азарганы төл. Ноднин бас эцэг нэгтэй үрээ маань сонгомол дунд насанд түрүүлж байсан. Монгол насанд анх удаа айраг авч байгаа нь энэ. Уяач н.Алтан-Очир уяа сойлгыг нь таарууллаа. Өмнөх жилүүдэд н.Тольгэрэл гэх уяач уядаг байсан. 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уяач С.Бямбасүрэн:

-Монгол төрийнхөө алтан зурхайд нутаг усныхаа нэрийг дуудуулж үрээ маань айрагдлаа. Сайхан цэнгэж, сайхан баярлаж байна. Төрийнхөө наадамд 13 жил морио уясан. Энэ жил анхныхаа айргийг авлаа. Зээрд үрээ маань Сүхбаатар аймгийн Баяндэлгэрийн адуу. Даваадалай гэж найз маань энэ хавар надад өгсөн юм. Энэ жил Жавхлант шаргын уралдаанд 8-д давхисан, битүү үрээ. Монгол Улсын Манлай уяач Батмөнхийн Батхүү найз маань уясан. 

Орхон аймгийн уяач Ч.Батжаргал:

-Зээрд үрээ маань аман хүзүүдлээ. Уяач, морь унасан хүүхэд, ард түмэндээ их баярлалаа. Энэ үрээний эцэг нь миний аав Тод манлай уяач Чулуунбатын төл, эх нь манай буган хүрээ азарганы төл. Хязааланд айрагдсан үрээ маань мөн манай унаган адуу. Манай хоёр адуу аман хүзүү болон айргийн гуравт давхисанд маш их баяртай байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.