СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-07-11

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга баярын мэндчилгээ ирүүлэв

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши ЖиньПин нар баярын мэндчилгээ ирүүлэв.

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН МЭНДЧИЛГЭЭНДЭЭ,

“Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч,

Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Найрамдал, сайн хөршийн уламжлалт харилцаатай манай хоёр орны хооронд ажил хэрэгч улс төрийн яриа хэлэлцээ, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтсон.

Цаашид “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлэх нь Орос, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж, бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.

Танд эрүүл энх, амжилт хүсэхийн зэрэгцээ Монголын нийт ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН МЭНДЧИЛГЭЭНДЭЭ,

“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, Танаар дамжуулан танай улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Уул, усаар холбогдсон Хятад, Монгол Улс урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд бүрэн нийцдэг.

Найрамдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг өндөр түвшинд хүргэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна.

Хоёр талын тохиромжтой үед үзэсгэлэнт Монгол оронд дахин айлчлахыг хүсэж байна.

Монгол Улс, Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гадаадын улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлсээр байна.

Тухайлбал,

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль,
Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио,
Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан,
Австралийн Холбооны Улсын Амбан Захирагч Дэвид Хөрли,
Бельгийн Хаант Улсын Хаан Филипп,
Шведийн Хаант Улсын Хаан Карл XVI Густаф,
Швейцарын Холбооны Ерөнхийлөгч А.Берсе,
Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Эл-Сиси,
БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн ЫН,
Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Ерөнхийлөгч Абдельмаджид Теббун,
Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яаокоб,
Саудын Арабын Хаант Улсын Хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд, Угсаа залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммед бин Салман Аль-Сауд,
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглүн Сисүлид,
Хорват Улсын Ерөнхийлөгч Зоран Миланович,
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко нар Монгол Улсын Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.