СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-09

Наадмаас өмнө бүх хэрэглэгчийн цахилгааныг холбохоор ажиллаж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Нийслэлийн онцгой комисс өнгөрсөн шөнө хуралдлаа. Хурлаар өглөөнөөс хойш хийсэн ажлын явц, тулгамдаж буй асуудлыг холбогдох албаныхан танилцуулжээ.

Сүхбаатар дүүргийн тухайд 00:00 цагийн байдлаар 19.8 тонн ус соруулаад байна. Бүх байранд ус соруулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, хоёр байрны усыг соруулж, лагийг цэвэрлэсэн. Одоо ариутгал хийж, цахилгааныг өгөхөд бэлэн байгаа. Маргааш /өнөөдөр/ гэхэд байрнуудын усыг соруулж дуусгахаар төлөвлөжээ.

Баянзүрх дүүрэг 36 байрнаас наймынх нь усыг бүрэн соруулсан.г хэлж байв.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан тус өдөр . Аль болох наадмаас өмнө бүх хэрэглэгчийг цахилгаанд холбохоор ажиллаж байна. Гол нь ус шавхагдахгүй байгаа асуудал бий гэдгийг онцолж байлаа.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл:

-Сүүлийн 48 цагийн хугацаанд нөхцөл байдал тогтворжсон. Сэлбэ голын үерээс хамаарч 200 гаруй айлын 1000 орчим иргэн шууд үерт автах эрсдэл үүссэн. Иймээс шуурхай арга хэмжээ авч, тухайн өдөр есөн цэгт далан боосон. Одоогийн байдлаар Сэлбэ голын эрэгт 12 цэгт далан боогоод байна. Сэлбэ голын усны түвшин 1.5 метрээр багассан. Голын хэвлий дотор хууль бусаар, зөвшөөрөлгүй буусан айлуудын хашаа, байшин үерт өртөж байгаа. Иймээс сэрэмжлүүлэг мэдээллийг чанга яригчаар зарлаж, зарим айлд холбогдох албан тушаалтнууд очиж мэдээлэл хүргэсэн. Үерийн дараа голын эрэг дагуух айлуудыг нүүлгэн шилжүүлэх, зөвшөөрөлтэй ч үер орсон газруудад газрыг нь орных нь газраар солих, зөвшөөрөлгүй бол албадан нүүлгэхээс өөр аргагүй. Цаашдаа гэр хороолол, төвийн хорооллыг ариутгах ажил үргэлжилнэ. Нүүлгэн шилжүүлсэн айлууд эргэн гэртээ очсон. Үерийн хохирлыг тогтоохоор ажиллаж байна хэмээв.

35 иргэнийг сургуульд байрлуулсан

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн:

-Туул голын усны түвшин нэмэгдэж, аюултай түвшинд хүрэхэд албан хаагч нараа бэлэн байдалд байлгасан. Соёмботой хөшөөний орчмын 28 айлын 151 хүнийг нүүлгэн шилжүүллээ. Туул голын эрэг дагуу үзлэг хийхэд үерийн далангийн бэхжилт сайн, эрсдэл үүсээгүй. Хоёр байранд хөрсний усны нэвчилтээс болж зоорийн давхар усаар дүүрсэн тул усыг соруулж дууссан. Яармагийн хэсэгт үерийн хэмжээнд хүрээгүй, 2-3 айлын хашаанд бага зэргийн ус орлоо. Нисэхийн 9 дүгээр хороонд гурван айл үерт өртөж, зургаан хүн голын дунд гацсан байсныг аврах багийнхан гаргасан.

Зайсангийн 22 дугаар хороо, Биокомбинатын 12 дугаар хороонд үерийн нөхцөл үүсэж, хүндрэхийг урьдчилж тооцоолсон байсан.  ОБЕГ-аас дөрвөн аврах баг, нэг нисдэг тэрэгтэй ирж, холбогдох албаныхан хамтран 181 хүнийг аварч, 35 хүнийг 10 дугаар сургуульд байрлууллаа. Ус татарсан гэлээ.

Ариутгалын бодис болон шаардлагатай зүйлсийн нөөц хангалттай байгаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Өнөөдрийн хувьд ус соруулах, цэвэрлэгээ, ариутгалд төвлөрч ажиллалаа. Маргааш /өнөөдөр/ ариутгалын ажилд төвлөрнө. Ариутгалын бодис болон бусад шаардлагатай зүйлсийн нөөц хангалттай байгаа. Цахилгааныг яаралтай холбох шаардлагатай. Гэхдээ эрсдэлийг тооцоолж, аюулгүй байдлыг хангах ёстой. Мөн маш олон барилгад цууралт, ан цав үүсэж, суулт өгсөн байна. Тиймээс шаардлага хангаж байгаа эсэхэд үзлэг, хяналтын ажлыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй. Маргааш /өнөөдөр/ цэвэрлэгээ, ариутгалын ажлыг дуусгахаар төлөвлөсөн гэдгийг хэлж байлаа.

Д.Сумъяабазар: Ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийхэд анхаарах хэрэгтэй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар зохион байгуулалтад орж ажиллаж, үерийн эрсдэлийг бууруулсан нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн юм. Мөн ариутгалыг маш сайн хийх үүрэг өглөө.

Тэрбээр “ Ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийхэд анхаарах хэрэгтэй. Наадмаас өмнө хэвийн байдалд оруулахын төлөө ажиллана. Иргэд, аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгө, бараа, материалын тусламж, дэмжлэг өгч байгаа. Иймд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид, нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье” хэмээв. Мөн хандив болон зарцуулалтыг ил тод, нээлттэй мэдээлэхийг үүрэг болгож, нөхцөл байдал тогтворжсон дүүргүүд бусад дүүрэгтээ туслах хэрэгтэйг онцоллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

muugii
10 сарын өмнө
66.181.161.57

tog bhgui 5 honoj bn sh dee hezee uguhiin be

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.