Кью Эс Си компани концесс хэрэгжүүлэх найман жилийн хугацаанд улсад 2.8 их наяд төгрөгийг хохирол учруулжээ. Тус компанитай холбогдох хэрэгт 21 хүн 2 хуулийн этгээдийг шалгах процесс явагдаж байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хуульч Б.Мөнхзаяа тус хэргийн талаар мэдээлэл өгч байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хуульч Б.Мөнхзаяа:
-Засгийн газар 2014 онд концессын гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Кью Эс Си компанид 30 жилийн хугацаатай ашиглуулахаар өгсөн. Гэсэн ч гэрээний үүргээ биелүүлээгүй учир 2022 оны 04-р сарын 13-ны өдөр тус гэрээг цуцалсан байдаг. Концесс хэрэгжүүлэгч компани төслөө хэрэгжүүлээгүй хоёр жил болсон тохиолдолд гэрээг цуцална гэж гэрээнд тусгаж өгсөн байна. Кью Эс Си компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж гэрээг цуцалсан тохиолдол нөхөн төлбөр олгохгүй гэсэн заалт бий.
Найман жилийн хугацаанд улсад 2.8 их наяд төгрөгийг хохирол учруулсан гэх дүгнэлтийг холбогдох албаныхан гаргасан. Кью Эс Си компани төмөр зам, авто зам барьсан 276 тэрбум төгрөгөө улсаас авсан байдаг. Түүнчлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй менежментийн гэрээ нэрийдлээр 250 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Нэмээд 352 тэрбум төгрөгийн татварын өр үүсчихсэн явж байгаа.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлээ Кью Эс Си компанийн данс руу шилжүүлсэн нь баримтаар нотлогддог. Кью Эс Си компани өөрт хэрэгтэй мөнгөө Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэрээр авсан байгаа юм. 168 тэрбум төгрөгийн зээлийн хүүг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж байна. Мөн нийт 494 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж, ирээдүйн орлогыг барьцаалчихсан. Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй тохиолдолд эд хөрөнгийг нь барьцаанд өгөх эрсдэл үүсчихсэн явж байгаа.
Огт вагонгүй, өмчгүй компанитай түрээсийн гэрээ байгуулсан гэдэг нь батлагдсан. Энэ гэрээ байгуулсан хүн нь Д.Эрдэнэбилэгийн төрсөн эгч нь байгаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесс нэрээр авсан нь ард түмний өмчийг луйвардаж болдгийн тод жишээ юм.
Кью Эс Си ХХК-тай холбогдох хэрэгт 21 хүн 2 хуулийн этгээдийг шалгах процесс явагдаж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 2.8 их наяд төгрөгийн хохирол учруулсан Д.Эрдэнэбилэг 3 тэрбум төгрөгийн барьцаа тавьж гадаад руу явсан. 14 хоногийн хугацаатай эмчилгээ хийлгэнэ гэсэн ч өнөөдрийн хүртэл эх орондоо ирээгүй байна. Тусгай дансанд шилжүүлсэн мөнгийг улсын орлого болгох хуулийн заалт ч бий.
Прокуророос Д.Эрдэнэбилэгийг болон холбогдогчдыг яллагдагчаар татах тогтоол дээрээ "Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлджээ" гэж бичсэн байдаг. Эзэн холбогдогч этгээд нь байхгүй байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зогсонги байдалд ороод байна. Ийм энэ хэргийг нэн яаралтай шүүх хяналтын байгууллага шийдэж, буруутай этгээдээр хохирлоо барагдуулах шаардлагатай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ард нь жэнко нуугдаж байгаа гэсэн. Хуульчид тэгж ярьдаг. Ард түмнээс луйвардсан алам луйвар. ЕС Оюунэрдэнэд баярлалаа.