Татварын алба таны бизнесийн найдвартай эсэхийг баталгаажуулж, үнэлж өгдөг болжээ. Таны төлсөн татвар таны бизнесийг шууд илэрхийлдэг. Тиймдээ ч гадны хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд бизнес эрхлэгчдийн татвар төлөлтийн байдлыг харгалзан үздэг.
Харин татварын албанаас татвар төлөгчдийн хариуцлагыг оноожуулсан “Татварын скоринг”–ийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн нь хууль тогтоомжоо биелүүлэн, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулдаг татвар төлөгчдөд таатай шинэчлэл болоод байна.
Чикагогийн их сургуулийн эрдэмтэн Ричард Тайлер 2017 онд "Зан төлөвийн эдийн засаг" онолоор Нобелийн шагнал авчээ. Энэхүү онол нь хүний зан төлөв эдийн засагтай хамааралтай ба зан төлөвт нөлөөлснөөр эдийн засагт нөлөөлнө гэж үздэг. Энэхүү онолыг татвар бүрдүүлэхдээ татвар төлөгчийг үйлдэлд уриалах, урамшуулах буюу "ёврох" аргыг ашигласан нь үр дүнтэй байсан тухай Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал танилцуулах сургалтын үеэр сонирхууллаа.
Улс орны хамгийн чухал хэсэг болох төсөв бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд албадлага, хуулийн арга хэлбэрээр харилцах бус Ричард Тайлерын хэлснээр татвар төлөгчдийн хандлага, татвар төлөх идэвхийг нэмэгдүүлэх аргыг үйлчилгээндээ нэвтрүүлэх зорилгоор татвар төлөгчдөд үнэлгээ өгч эхэлжээ. Сайн үнэлгээтэй бизнес эрхлэгчдэд төрийн зүгээс давуу тал олгох замаар бодит дэмжлэгийг бий болгох ажлын ч эхлэл ажээ.
Товчхондоо, та хариуцлагатай татвар төлөгч байсныхаа төлөө эргээд төрөөс дэмжлэг авч чаддаг болно гэсэн санаа аж.
Татварын оноо нь татварын хууль тогтоомжоо хэр сайн биелүүлдэгийг харуулах оноо юм. Тодруулбал та тайлангаа үнэн зөв, цаг хугацаандаа илгээж, татвараа цаг хугацаандаа төлдөг л бол хамгийн дээд оноо 100 оноог авна. Та “А” үнэлгээтэй байна гэдэг татварын алба байсан байгаагүйгээс үл хамаарч ухаалгаар татвараа бүрдүүлдэг ухамсартай татвар төлөгч гэсэн үг юм. “А” үнэлгээ 90-100, “В” 80-90, “С” 70-80 оноотой бол “D” нь 70-аас доош байх аж. Хэрэв “D” үнэлгээг авбал дараагийн гурван жилдээ “А” үнэлгээ авахгүй юм байна. Харин зөв тайлагналтай байх тусам сайжирсаар дараагийн сайн үнэлгээ рүү шилжих ухаалаг үнэлгээний цогц систем.
Татварын алба “Big data” төсөл хэрэгжүүлж, хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа ашиглаж эхэлснээр бизнес эрхлэгчдийн үнэлгээг тооцож, эрсдэлийн оноог татвар төлөгчдөд нь харуулдаг болжээ. Мөн 2019 оноос хойш үйлчилгээндээ нэвтрүүлээд байгаа сегментийн бодлогыг хэрэгжилтийг татварын алба, татвар төлөгч талаасаа хянах, сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Татварын ерөнхий газраас татвар төлөгчдөд танилцуулах сургалтыг зохион байгуулж одоогоор 1000 орчим хүн хамрагдаад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.