Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга асан, энгийн байгууллагад ажиллаж байгаад ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригийн тушаалаар хурандаа цол хүртсэн Ж.Наранмандах, түүний эхнэр Б.Баярмаа нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцлээ.
Тэд хэд хэдэн хүнийг залилан мэхэлсэн гэж буруутгагдсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэн ял шийтгэсэн юм. Тэд иргэн Т, Э нарын үл хөдлөх таван хөрөнгийг “БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр, түргэн шуурхай борлуулж өгнө” хэмээн итгэл төрүүлж эзэмших, өмчлөх эрхийг нь нэр дээрээ шилжүүлэн аваад залилан 1.5 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан.
Мөн эхнэр Б.Баярмаа нь “тендерт шалгаруулна, Хонконгоос хөрөнгө оруулалт татаж өгнө” гэх зэргээр 2013-2019 оны хооронд 26 иргэнээс нэг тэрбум гаруй төгрөг мэхлэн авсан гэм буруутай гэж анхан шатны шүүх дүгнэн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга асан, хурандаа Ж.Наранмандахад тав, Б.Баярмаад 10 жил хорих ял шийтгэж, эхнэрээс нь 1.4 тэрбум, нөхрөөс нь 669 сая төгрөг гаргуулан хохирогчдод олгохоор болж, хүүхдүүдийг нь асран хамгаалах үүргийг төрөл төрөгсдөд нь түр хариуцуулсан юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах, Т.Шинэбаяр, Ж.Эрдэнэчимэг, улсын яллагч Ц.Майбаяр, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар, хохирогч, иргэний хариуцагч нарыг оролцуулан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Ж.Наранмандах, Б.Баярмаа нарын гомдлыг хэрэгсэхгүй болголоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв шийдвэр болсон байна.
D .Namsraig shalgaaj khuukhnii erleg dee