СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-07-05

🔴LIVE: Орц, гарц хаагдсан байрнуудаас 526 иргэнийг гаргажээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 сарын өмнө

Үерийн аюул нүүрлэсэнтэй холбогдуулан ОБЕГ, ЦУОШГ, НЗДТГ, НЭМГ, УБЦТС, Геодези, усны барилга байгууламжийн газар хамтран хэвлэлийн бага хурал хийж, сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.

Цаг уурын байгууллагын мэдээлснээр Улаанбаатар хот орчимд 7 дугаар сарын 3-5-ны өдрүүд буюу 26 цагийн хугацаанд 28.4 мм хур тунадас орсон байна. Хэдийгээр энэ нь аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй боловч Хэнтийн нуруунаас эх авсан Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин өмнөх хоногоос 10-30 см нэмэгдэж, Тэрэлж, Улиастай, Хэрлэн гол үерийн түвшинг 5-20 см давсан бол Сэлбэ гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна.

Үерийн улмаас 7 дугаар сарын 4,5-ны өдөр БЗД, СБД, СХД, ХУД, ЧД-ийн нутаг дэвсгэрт 54 орон сууц, 1 худалдааны төвийн граж /В1 давхар/, амины 5 байшин, 15 гэр, 2 автозам, 2 нүхэн гарц усанд автсан, 2 далан, гүүр задарсан дуудлага бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүд, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус суваг удирдах газар, дүүргүүдийн ЗДТГ, хороо, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтэс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн ажилтнууд зэрэг нийт 763 ажилтан, алба хаагч, 143 автомашинтайгаар ажиллаж, үерийн ус соруулах, шуудуу, далан татах ажлыг зохион байгуулж байна.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхэд, өндөр настан зэрэг 526 иргэн, 306 орчим автомашиныг орц гарц хаагдсан байрнуудаас аюулгүй газарт гарган, 8 айл, 35 иргэнийг үер усны аюулаас авран хамгаалж, 61 иргэнд заавар өгч ажилласан.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар долоодугаар сарын 5-ны 00:00 цагаас эхлэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Натур” худалдааны төвөөс Нарны замын уулзвар хүртэлх, “Баянмонгол” хорооллын нүхэн гарцаас Хүннүгийн гудамж хүртэлх, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцаас Нарны гүүрний уулзвар хүртэлх, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Нийслэлийн өргөө амаржих газрын уулзварас Нарны замын уулзвар хүртэлх, Сэлбэ, Дунд гол дагуух авто замыг түр хугацаагаар хаалаа.

Мөн нийслэлийн Засаг дарга захирамж гарган, нийслэлийн төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн бороо орж, 7 дугаар сарын 3-ны өдрөөс төвийн аймгуудын нутаг дээр идэвхжиж цаашид 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.