Ардчилсан намын дарга Л.Гантөмөр дотоод бүтцээ ч хийж чадахгүй, ҮБХ-гоо ч шинэчлэн бүрдүүлж чадахгүй байсаар байна. Нэг бол "Баянгол" зочид буудлаас дуудаж тулгаад, нэг бол Сөүлээс "дарамтлаад" байгаа юм гэсэн. Монголчууд ийм байдалд орсон хүнийг "хаданд хавчуулагдсан халиуны зулзага" гэж нэрлэдэг.
Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Өнөрбаярын зохион байгуулж буй "Grand meeting" зөвлөгөөн бол эвлэлдээд, дахин эв эвдрээд байгаа Ардчилсан намыг эргэн эвлүүлэх нэг ажиллагаа юм гэнэ лээ. Ардчилсан намд арван фракц (өөрсдөө клуб гэж өхөөрдөн нэрлээд байгаа) арван тийш харж суучихаад, Л.Гантөмөр нь тамгатай хутагт болчихоод хэцүүхэн байгаа сурагтай.
Нийслэлийн Ардчилсан нам ч бужигнаад эхэлжээ. Хотын дарга асан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Манай намын зарим этгээд намайг Нийслэлийн намын даргаас огцруулахаар "ажиллагаа" явуулж байгаа аж. Бид арай гэж эвээ олж байсан юмсан?!" гэжээ.
Эвлэсэн гэх Ардчилсан нам эвээ олоогүй л байна даа...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.