СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австрали, Хятадын иргэнийг луйвардсан хэргүүдийг сэргээн шалгахаар боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч иргэн хохирсон, холбогдсон гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц, шийдвэрлэлтийг УЕПГ-ын прокурорууд нэгтгэн судалж, хянаж дуусжээ. Сүүлийн зургаан жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 342 бүртгэгдсэн аж. Үүний 239-д нь гадаадын хөрөнгө оруулагч хохирсон тухай байгаа юм.

Харин 103 нь гадаадын хөрөнгө оруулагч холбогдсон хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэнэ. Тэдгээр хэргийн дийлэнх нь уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой байх бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч хохирсон хэргийн 65.9 хувийг залилах, бусад нь хөрөнгө завших, хулгайлах, мөнгө угаах, хүрээлэн байгаа орчны эсрэг, эд хөрөнгийг авахаар заналхийлэх болон авлигын хэрэг эзэлж байна.

Хохирсон гэх гадаадын хөрөнгө оруулагчийн 44.5 хувь нь БНХАУ, 8.6 хувь нь БНСУ-ын иргэд, 28.5 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байх ба гэмт хэргийн улмаас учирсан 12 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн гэнэ. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хохирсон 31, холбогдсон найман хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 8.4 тэрбум төгрөгийн хохирлыг шүүхийн шийдвэрээр нөхөн төлүүлэхээр болжээ.

Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон 174, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа 78 гээд нийт 252 үйлдлийг УЕПГ-ын ажлын хэсэг хянасан байна. Улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргүүдийн 83.3 хувьд нь тодорхой ажиллагаа хийлгэхээр прокурорын даалгавар бичиж, хэргийг шуурхай шалган, шийдвэрлэх үүрэг мөрдөх байгууллага болон хяналт тавьж буй Прокурорын газарт өгөв.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон дөрвөн хэргийг сэргээж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр харьяа мөрдөх байгууллагад хүргүүлжээ. Тухайлбал, өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхний удаа дараа бичиж, олны сонорт хүргэсэн, манай улсын иргэн П.Энхсайханд холбогдох хэргийг сэргээн шалгахаар болсон байна. Тэрбээр 2011-2023 онд Сингапур улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай Ай Ти Жи Эм ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байхдаа тус компанийн эзэмшилд авах газрын төлбөрт өгнө гэж Австрали улсын иргэн Лим Кен Жинээс 8.9 сая ам.доллар буюу 12 тэрбум төгрөг шилжүүлэн авч завшсан үйлдэлд холбогдсон юм.

Мөн Худалдаа, хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар луйвардсан хэрэгт холбогдож, дуулиан тарьж байсан Б.Бямбадорж нарын үйлдсэн, 2019 онд хуурамч бичиг баримт ашиглаж Монголд бизнес хийх зорилгоор ирсэн БНХАУ-ын иргэний ХААН банк дахь данснаас 1.3 тэрбум төгрөгийг өөр хүний данс руу шилжүүлж, бэлнээр гаргуулан авч залилсан хэргийг хаагаад байсныг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын даалгавар бичиж мөрдөх байгууллагад хүргүүлжээ.

Гадаадын хөрөнгө оруулагчаа залилсан хэмээн хэвлэлд бичиж байсан “Батуконстракшн” компанийнхантай холбоотой мэдээллийг ташрамд хүргэе. Эл компанийнханд нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл удаа дараа өгснийг үл ойшоодог байж. Тиймээс эрх бүхий байгууллагаас “Батуконстракшн” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 15.2-2.1 дэх заалтын дагуу 2022 оны арванхоёрдугаар 16-нд хэрэг нээн шалгаж, хууль сахиулах байгууллагын төрийн албан хаагчийн тавьж буй шаардлагыг биелүүлээгүй хэмээн 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон аж. Эл шийтгэврийг “Батуконстракшн”-ыхан үл зөвшөөрч, торгуулийг хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны болон нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч амжилт олсонгүй, 2.5 сая төгрөг төлөхөөр боллоо.

Энд өгүүлэн буй “Батуконстракшн” компанийн захирал Э.Батзаяа ХБНГУ-ын иргэн Флориан вон Тухерын дөрвөн сая еврог залилсан үйлдэлд холбогдон цагдаагийнханд шалгуулсан билээ. Тодруулбал, тус компанийн захирал Э.Батзаяа нь уг герман эртэй хамтран ажиллахаар болж, “Герман Монгол пропертийз” ХХК-ийг манай улсад байгуулж, дөрвөн сая еврогийн хөрөнгө оруулалт 2016 онд татсан байдаг. Уг мөнгөөрөө Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсангийн Бурхан багшийн хөшөөний ойролцоо 20 давхар, хоёр блок барилга барьсан юм. Германы хөрөнгө оруулагч Флориан вон Тухер цар тахлын улмаас нутаг буцмагц Э.Батзаяа “Батуконстракшн” ХХК-ийн нэр дээр уг 20 давхар хоёр блок барилгын гэрчилгээг гаргуулан авсан байгаа юм. Хөрөнгө оруулагчаа залилсныг мэдмэгц Германы иргэн Флориан вон Тухер цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу шалгаад Э.Батзаяад Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Амина
1 жилийн өмнө
124.158.65.131

Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээдэг новшуудыг сайн шийтгэж дахин давтагдахгүй болгох ёстой. Хэргийг эргэн сэргээдэг нь маш ТОМ дохиог луйварчдад өгч байгаа юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.