"Жаст" группийн ерөнхий захирал байсан Ш.Батхүү болон "Эрдэнэт" үйлдвэрийн Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, "Алтжин" группийн захирал агсан Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргаж байв.
Анхан шатны шүүхээс Ш.Батхүүг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, хуурамч бичиг баримт үйлдэн, ашиглаж, бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан, нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж, шүүхэд гаргаж өгсөн, залилах гэмт хэргийг албан тушаалаа ашиглан үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг албан тушаалаа ашиглаж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 10 жил хорих ял оногдуулсан юм.
Прокуророос “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Г.Алтанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байв.
Мөн, "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзоригийг хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гүйцэтгэсэн, уг гэмт хэрэгт Б.Мөнхжаргалыг хамжсан гэм буруутайд тус тус тооцож, тус бүрд нь 14 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан. Г.Алтан агсны хүү Э.Сүрэнг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж, шүүхэд гаргаж өгсөн, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулахыг завдсан гэм буруутайд тус тус тооцож, 35 сая төгрөгөөр торгох ял оногдуулж байв.
Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгаж, Ш.Батхүүд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдэж, шүүхэд гаргаж өгсөн гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нийт биечлэн эдлэх хорих ялыг 9 жилийн хугацаагаар тогтоосон байдаг.
Улмаар Улсын дээд шүүх шүүгдэгч Ш.Батхүү, Э.Сүрэн, Ч.Ганзориг, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцжээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхээс Г.Амарбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, мөн давж заалдах шатны шүүхээс Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол магадлалд зохих өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгийг хураасан, буцаан олгосон зарим заалтыг хүчингүй болгох, зөвтгөн өөрчлөх шийдвэрийг гаргасан байна.
Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэж, Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгасан нь хууль зөрчсөн гэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх үзсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
эхний 2 шатны шүүгчид авилгалд эдэгдсэн нь үүгээр нотлогдож байна
Улсын Дээд Шүүх сайн бна шүү дээ...Үнэн мөнийн Талд Зогсож...Эх орон Ард түмнийхээ өмнө хуулийн хэрэгжилтэд хариуцлагатай ажилласанд талархууштай...Хэн ч бай эрх үүрэгээ хуулийн өмнө хариуцах...нь...бурууд хатуу...Зөвд зөөлөн бх нь Улс орны Эрх ашиг тусг.тогтн.ын хариуцлага юм даа...Амжилт ерөөе........
Shvvgch naraa shalga hahuuli hussan baij taaraa