Гурван өгүүлбэрээр:
Макро төсөөлөл
Хоёрдугаар улиралд инфляц 11.4 орчим хувь, эдийн засгийн өсөлт 5.5 хувь, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3469.8 орчим байна гэж Монголбанкнаас 26 шинжээчийн дунд явуулсан судалгаанд суурилсан макро эдийн засгийн төсөөллийн тайланд онцолжээ. Шинжээчдийн дийлэнх нь инфляц 10-10.9 хувийн түвшинд хадгалагдана гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн эдийн засгийн өсөлтийн төсөөлөл нь харьцангуй нэмэгдэж, өмнөх 4.1 хувийн төсөөллөө 5.5 хувь болгожээ.
Харин төгрөг хэрхэх вэ?
Tөгрөгийн ам.доллартай харьцах ханшийн төсөөлөл хоёрдугаар улиралд 3469.8 төгрөг байх бол цаашид төгрөгийн ханш суларч ирэх оны нэгдүгээр улиралд 3572.8 төгрөгт хүрнэ гэж төсөөлжээ.
Ураны гэрээг урагшлуулна
Францын Гадаад хэргийн сайд Монголд айлчлах үеэрээ Монгол Улс болон “Orano” групп хоорондын нэг тэрбум еврогийн дүн бүхий гэрээг урагшлуулахад анхаарна гэдгээ мэдэгдсэнийг “Reuters” мэдээлжээ. Энэхүү гэрээг ирэх намар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Францад хийх айлчлалын үеэр, эсвэл түүний дараахан байгуулж магадгүй байгаа юм. Өнгөрсөн сард Францын Ерөнхийлөгч Э.Макроны айлчлалаар чухал ашигт малтмал нийлүүлэхэд Монголын талтай хамтран ажиллахаар санал нэгдсэн билээ.
Байр суурь
“ЗГ-уудын нэн тэргүүнд хийх шаардлагатай ажил бол хиймэл оюуны туршилтыг аюулгүй, эдийн засгийн хувьд үр ашигтай явуулах зохицуулалтын орчныг бүрдүүлэх юм. Аливаа нэг хүний амьдралд ноцтой үр дагавар авчрах шийдвэрийг хиймэл оюун гаргах ёсгүй. Хүнд өвчнийг оношлох зэрэг үхэл амьдралыг шийдэх асуудалтай холбоотой шийдвэрийг гаргах явцад заавал хүн байх ёстой. Хиймэл оюун бол хүнд үйлчлэх зориулттай хэрэгсэл. Хүний ажлыг илүү ая тухтай, үр бүтээлтэй болгон хөнгөвчилж, хамгийн сайн хийж чадах ажил дээр нь төвлөрүүлж өгнө. Бидний өдөр тутамдаа хэрэглэж буй хиймэл оюун одоогоор ийм биш байгаа. Гэхдээ цаашид ийм л хиймэл оюуныг хөгжүүлэх хэрэгтэй" хэмээн Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор Олаф Грот “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцлов.
Худалдаа, хамтын ажиллагаа
MҮХАҮТ болон БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны хамтран зохион байгуулсан "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумын үеэр нийт гурван тэрбум юанийн мөнгөн дүн бүхий хамтын ажиллагааны 25 гэрээг үзэглэж байгааг мэдээллээ.
Монгол Улсад одоогоор БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 7500 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Хөрөнгийн захын хөгжил
2020 оноос 2023 оны эхний хагас хүртэлх хугацаанд нийт 70 гаруй санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гарсныг СЗХ мэдээллээ. Мөн биржийн бус зах зээл 2020 онд бий болноос хойш 82 компанийн 1.92 их наяд төгрөгийн үнэлгээтэй нийт 106 өрийн хэрэгсэл бүртгэгджээ.
Ирэх сарын 9, 10-нд зохион байгуулагдах “Монголын эдийн засгийн чуулга уулзалт” нь хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, гадны мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг тодотгожээ. Тус чуулганд “Goldman Sachs”, “JPMorgan”, “Morgan Stanley”, “Blackrock” зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкнуудын төлөөлөл оролцох товтой байна.
Монгол сүүл мушгив
Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан 2023 оны “Эрчим хүчний шилжилтийн индекс”-ээр Монгол Улс 45.4 оноо авснаар дэлхийн 120 улсаас 111 дүгээрт эрэмбэлэгдлээ. Монгол Улсын үнэлгээ 2014 оноос хойш 6.9 оноогоор өссөн нь харьцангуй өндөр өсөлтөд тооцогдож байгаа ч Мозамбик, Бахрейн, Ливан, Бангладеш зэрэг эрчим хүчний тааруу тогтолцоотой орнуудтай ойролцоо үнэлгээтэй хэвээр байна. Бүс нутгийн хувьд нэг хүнд ногдох эрчим хүчний эрэлт 2050 он гэхэд өнөөгийнхөөс хоёр дахин нэмэгдэх төлөвтэй тул нийлүүлэлтийн аюулгүй бөгөөд тогтвортой байдлаа сайжруулахад анхаарал хандуулах шаардлагатайг тайланд зөвлөжээ.
Шийдлийн эрэлд
Юанийн ханш долоон сарын доод түвшиндээ хүрээд байгаатай зэрэгцэн Хятадын зохицуулагчид валютын арилжаа, хил дамнасан хөрөнгийн урсгалд хийх хяналт шалгалтаа нэмэгдүүлэх болжээ. БНХАУ-ын Ардын банк болон валютын арилжааны зохицуулагч байгууллагаас мөнгөний урсгал, хеджингийн эрэлтийн талаар экспортлогч, импортлогчид, банкнуудын дунд асуулга явуулсны сацуу юань, арилжааны төлөв байдлын талаар тэдний байр суурийг сонссоныг мэдээлжээ. Энэ онд юанийн ханш ам.долларын эсрэг бараг 5 хувиар суларч, Азид ханшийн үзүүлэлтээрээ сүүлээсээ гуравдугаарт бичигдэж байна.
Их наядын алдагдал
2023 он хэлцэл, IPO-ийн хувьд хамгийн тааруу жилүүдийн нэг болж байна. Оны эхний хагаст хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа болон нэгдэн нийлэх хэлцлийн дүн дэлхийн хэмжээнд өмнөх оны мөн үеэс бараг нэг их наяд ам.доллароор буурсныг “Bloomberg” тооцоолжээ. Инфляцын дарамт, санхүүжилтийн хүндрэл, геополитикийн хурцадмал байдал давхацсан нь бүхий л бүс нутаг, салбар дахь үйл ажиллагааг сулруулжээ. Ингээд зогсохгүй эдийн засгийн уналтын болгоомжлол бүрэн арилаагүйн дээр зун цагийн уламжлалт идэвхгүй үе эхэлж байгаа тул дараагийн зургаан сар Уолл Стритийн хувьд хүндхэн үе болж магадгүй байна.
Жак Магийн залгамжлагч
"Alibaba"-ийн шинэ Гүйцэтгэх захирал бол жинхэнэ "нууц ноёнтон". Компанийн дотоод сүлжээ, бүртгэл мэдээлэлд нэвтрэх эрхтэй ажилтнууд нь хүртэл түүний талаар мэдэх гээд юу ч олж чадаагүй байна. Өдгөө 48 настай, компьютерын ухааны мэргэжилтэй Эдди Ву нь "Alibaba" дөнгөж байгуулагдах үеэс эхлэн Жак Матай хамт байсан. Гэхдээ түүнийг нэр хүндтэй захирал Даниел Жангийн оронд томилохоор болсон нь технологийн ойрын хүрээллийнхнийг ихээхэн гайхшруулжээ. Программистаас хөрөнгө оруулалт руу шилжсэн Эдди Ву ийнхүү Гүйцэтгэх захирал болсноор Хятадын цахим худалдааны хамгийн том компанийн чиглэл хаашаа эргэх талаар маш олон асуулт урган гарч ирж байна…
BloombergTV.mn танд санал болгож байна
Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “SheTrades Hub”-ийн 14 дэх төв Монгол Улсад байгуулагдлаа
ДЭЗФ: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улс орнууд, компаниудын хүчин чармайлт хангалтгүй байна
Онцлох чарт
“Goldman Sachs” сүүлийн таван жилд анх удаа нэгдэн нийлэх хэлцлийн хамгийн том зөвлөх байгууллагын байр сууриа алдлаа. Харин “JPMorgan” он гарсаар нийт 284 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хэлцэл хийж, тус зах зээлийн 22.5 хувийг бүрдүүлснээр дэлхийн хэмжээнд нэгдэн нийлэх хэлцлээр тэргүүлэгч болсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.