Гурван өгүүлбэрээр:
Зорилт ба зөрчил
Дэлхийн улс орнууд болон компаниуд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтаа бэхжүүлж байгаа ч энэ нь төдийлөн хангалтгүй байгааг Дэлхийн Эдийн Засгийн Форумын "Уур амьсгал ба худалдааны ирээдүй" сэдэвт шинэ тайланд онцолсон байна. Гол зөрчил нь ашигт малтмал, түүхий эдийн худалдааны биет хэмжээний өсөлтөөс үүдэлтэй гэж үзжээ.
Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтийн явцыг удаашруулах хүрээнд 2030 он гэхэд чухал ашигт малтмалын экспортод тавигдах хориг хязгарлалтууд 19 мянга болж нэмэгдэх магадлалтай гэж тооцоолсон бөгөөд 2020 оны байдлаар 13,102 хязгаарлалт үйлчилж байсан аж.
Төслүүдээ хөдөлгөнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан шийдвэрлэхээр тус улсын Ерөнхий Сайд Ли Чянтай санал нэгдлээ. Төслүүдэд Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн зээлийн хэлэлцээр, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг сунгах асуудлууд багтаж байна. Энэ хүрээнд яригдсан асуудлаар Засгийн газар хоорондын комисс ажиллаж, дэд ажлын хэсгүүд байгуулахаар болжээ.
Своп хэлцэл сунгагдав
Монголбанк БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ерөнхий гэрээг 2026 он дуустал дахин гурван жилээр сунгахаар хоёр тал тохиролцоонд хүрсэн бөгөөд долоодугаар сарын дундуур гэрээг үзэглэх хүлээлттэй байгааг мэдээллээ. Своп хэлцлийн хүрээнд хоёр улсын Төв банк хооронд 15 тэрбум хүртэлх юань ашиглах боломжтой байхаар тусгасан.
Анх 2011 онд 5 тэрбум юанийн дүнтэйгээр байгуулж байсан уг хэлцлийн гэрээг өмнө нь хоёр удаа сунгахдаа дээд хэмжээг тус бүр 5 тэрбум юаниар нэмэгдүүлж, өдгөө 15 тэрбумд хүргээд байгаа юм. Одоогоор Монголын тал үүнээс 12 тэрбум юанийг ашиглаад байгааг Монголбанк мэдээлжээ.
Байр суурь
“Генератив хиймэл оюун бидний нөхөр үү эсвэл дайсан уу гэдэг дээр миний байр суурь дундынх. Гол нь хэрэглээ шүү дээ. Бид тухайн технологийг ээлтэй, ашиг тустай замаар эсвэл буруу зорилгоор ашиглах уу гэдгээс хамаарна. Ирээдүйд хүн төрөлхтөн хиймэл оюунтай зэрэгцэн оршиж сурснаар урьд өмнөхөөсөө ч илүү үр бүтээмжтэй, уран сэтгэхүйтэй болох байх. Энэ утгаараа би маш өөдрөгөөр харж байгаа. Бид өөрсөдтэйгөө адил түвшний гүйцэтгэлтэй, заримдаа бүр хүнээс ч илүү чадварлаг гүйцэтгэлтэй оюун ухаант зүйлийг өмнө нь харж байгаагүй. Тиймээс хүмүүс үүнээс эмээх нь зүйн хэрэг. Айдас бидэнд илүү аюулгүй хиймэл оюуны системийг хөгжүүлэх урам зориг өгнө" хэмээн Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Паскаль Фанг “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцлов.
SheTrades Монголд
Олон Улсын Худалдааны Төвийн дэргэдэх эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “SheTrades Hub”-ийн 14 дэх төв Монгол Улсад байгуулагдсаныг МҮХАҮТ мэдээллээ. Энэхүү төвөөр дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдийн шинэ нэтворкинг платформ бий болж, дэлхийн худалдааны зах зээлд оролцож, харилцан туршлага солилцох боломжтой. МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар 2021 оны байдлаар Монгол Улсад 147 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэний 37 хувь нь эмэгтэй, 63 хувь нь эрэгтэй захиралтай байгаа юм.
Энэ болон бусад сэдвээр “ITC” буюу Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Кок-Хамилтонтой хийсэн ярилцлагыг “Ярилцах Цаг“ нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй.
IPO ба үр дүн
Банкны реформын хүрээнд банкнууд IPO хийснээр Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.86 их наяд төгрөгөөр өссөнийг СЗХ мэдээллээ. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаагийн 53 гаруй хувийг банкнууд бүрдүүлж байгаа аж. Сүүлийн хоёр жилийн хугацаанд зургаан банк хувьцаагаа анхдагч зах зээлд нээлттэй арилжаалж, татан төвлөрүүлсэн хөрөнгө нь 478.54 тэрбум төгрөгт хүрсэн байна.
ХасБанк доллар татав
“ХасБанк” ХК олон улсын санхүүгийн байгууллагуудаас 105 сая ам.долларын санхүүжилт татсанаа мэдээлэв. Санхүүжилтийн 76 хувийг Олон Улсын Санхүүгийн Корпорацаас, үлдсэнийг нь Нидерландын хөгжлийн агентлагаас авсан байна.
ХХБ-ны ээлжит түншлэл
Худалдаа Хөгжлийн Банк БНХАУ-ын “Bank of China”-тай стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Энэ хүрээнд талууд хил дамнасан төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт, томоохон төслүүдийн санхүүжилт зэрэг олон талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Топ-10 технологи
"Зуны Давос-2023" чуулга уулзалтыг тохиолдуулан Дэлхийн Эдийн Засгийн Форум 11 дэх жилдээ "Топ 10 технологи" тайлангаа танилцууллаа. Энэ оны жагсаалтад уян батарей, генератив хиймэл оюун, агаарын тээврийн тогтвортой түлш зэрэг шинэ технологиуд тэргүүлсэн байна. Уг тайлан нь салбар бүрийн мэргэжилтнүүдэд технологийн өөрчлөлтийг урьдчилан таамаглах, тэдгээрийн үр нөлөөг ойлгох, салбарыг төлөвшүүлэх болон нийгэмд үзүүлэх сайн нөлөөг нэмэгдүүлэхэд туслах зорилготойг ДЭЗФ-ын захирал Жереми Юргенс мэдэгдэж байв.
"Зуны Давос"-ын нөлөө бүхий зочдын байр суурь, хэлэлцсэн гол асуудал, гарсан үр дүнгүүдийг багтаасан тусгай хөтөлбөрийг "Bloomberg TV Mongolia"-аар өнөөдөр 20:00 цагаас хүлээн авч үзээрэй.
Хатуу бодлого үргэлжилнэ
Дэлхий даяар инфляц бодлогын хүүгийн дараалсан өсөлтүүдэд тэсвэртэй болохоо батлан харуулж байгаа нь томоохон Төв банкнуудад чанга бодлогоо үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Холбооны нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл, Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард, Английн Төв банкны тэргүүн Эндрю Бэйли нар Португалд болсон уулзалтад хамт оролцохдоо инфляц зорилтот түвшинд хүртлээ хол байгаа гэдэгт бүгд санал нэгдсэн бөгөөд бодлогын хүү цаашид өсөх нь баталгаатайг илэрхийлжээ.
Таван жилийн наана
БНХАУ нар болон салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа 2025 он гэхэд хоёр дахин нэмж, цэвэр эрчим хүчний 2030 оны зорилтоо таван жилийн өмнө биелүүлэхээр байгааг “Global Energy Monitor” мэдээлжээ. Компанийн тайланд дурдсанаар Хятад улс дахь батлагдсан болон барилгын ажил нь эхэлсэн нар, салхины эрчим хүчний төслүүдийг тооцвол 2025 он гэхэд үйлдвэрлэх хүчин чадал нь 1,371 гигаваттыг давах магадлал өндөр аж. Тус улсын сүүлийн хоёр жилд суурилуулсан нарны зайн хураагуурын тоо рекорд дээд үзүүлэлтэд хүрсэн бол 2023 онд үүнийгээ улам ахиулахаар чармайж байгаа аж.
Нэг насаар залуужив
Хүний насыг тоолох аргачлалдаа өөрчлөлт оруулснаар Өмнөд Солонгосчууд албан ёсоор дор хаяж нэг насаар "залуужив". Лхагва гарагаас эхлэн БНСУ шинэ төрсөн хүүхдийг нэг настай гэж тооцох уламжлалт аргачлалыг халж, улс даяар шүүх, захиргааны бүх байгууллагууд нас тоолох олон улсын стандарт буюу хуанлийн насыг ашиглахаар болжээ. Энэхүү шилжилтийг өнгөрсөн онд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог-Ёл санаачилж, Үндэсний Ассемблей хуульчилсан юм.
BloombergTV.mn танд санал болгож байна
Кристин Лагард: Бодлогын хүүгийн өсөлт оргилдоо хүрсэн эсэхийг итгэлтэй зарлаж чадахгүй
Хоёр удаагийн сонгуульд оролцоогүй бол тухайн намыг идэвхгүйд тооцох заалтыг хуулийн төсөлд тусгажээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.