Боловсролын зээлийн сантай холбогдуулан 3000 хүнээс мэдүүлэг авчээ. Шалгалтын явцад Боловсролын зээлийн сангийн архивын зарим баримт байхгүй, дутуу байгаа нь хүндрэл учруулж байгаа гэж ЦЕГ-аас мэдээлж байна.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, хурандаа Т.Сүхболд:
-Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг гарган тус хэргийг шалгаж байна. 1997 оноос хойш гадаад улсад суралцах дэмжлэг үзүүлэх зээл, тэтгэлгийн шийдвэр, суралцагчдын хувийн хэрэгт үзлэг хийж, санхүүгийн шинжилгээг нэг бүрчлэн шалгаж байна. Эхний ээлжид 3000 гаруй суралцагч нараас гэрчийн мэдүүлэг авч байна. Зээлтэй холбоотой албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааны мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Журмын дагуу авсан үгүйг шалгаж байгаа. Түүнээс тус сангаас зээл авсан хүн бүр хууль бус гэж ойлгохгүй байхыг хүсье.
Тус сангийн 16 жилийн хугацааг хамарсан шалгалт хийж байна. Шалгалтын явцад Боловсролын зээлийн сангийн архивын зарим баримт байхгүй, дутуу байгаа нь хүндрэл учруулж байна. Мөрдөн байцаагчид амралтын өдрүүдэд ч гэрчийн мэдүүлэг авч байгааг ойлгон, хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна.
Шалгалтын явцад суралцагчид гадаад хэлний бэлтгэлдээ сурснаас хойш цааш сурсан эсэх нь тодорхойгүй, Монголд эргэж ирээгүй, IELTS, TOEFL-ийн шалгалтын материал нь дутуу гэх мэт зөрчил нийтлэг илэрч байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.