Монгол Улсад анх удаа гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг 6-р сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Эе эвийг эрхэмлэсэн түншлэл, хамтын ажиллагаа, бүх нийтийн сайн сайханд чиглэсэн феминист гадаад бодлогыг урагшлуулахад энэ уулзалт өндөр ач холбогдолтой. Олон улсын харилцаан дахь феминист гадаад бодлого нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиг шугамыг баримталдаг.
Өнөөдөр дэлхий ертөнцөд эмэгтэйчүүдийн уян хатан чанар, бусадтай эв эеэр хамтран ажиллах чадвар дутагдаж байгааг судлаачид тайлбарласаар байгаа юм. Харин Монгол Улс гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг хийснээр феминист буюу эмэгтэйчүүдэд чиглэсэн гадаад бодлого баримтладаг гэдгээ дэлхий нийтэд харуулах юм.
Монгол Улсын гадаад бодлогод феминист хэв шинж хадгалагдаж ирсэн талаар ХУИС-ийн доктор, профессор Д.Уламбаяр дурдсан байна. Тодруулбал, 1965 онд “Нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг роль” олон улсын семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулжээ.
Түүнчлэн, манай улсын төлөөлөгчид “Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоолыг санаачилж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 1976 онд анх батлуулж чадсан байдаг. Энэ мэтчилэн гадаад бодлогодоо эмэгтэйчүүдийг дэмжих, байр суурийг сайжруулах чиглэлээр ажиллаж ирсэн жишээ олон бий.
Харин энэ удаа дэлхийн 15 улсын Гадаад хэргийн сайд нар манай улсад цуглаж олон улсын энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтэд тулгамдсан томоохон сорилтуудыг хэлэлцэх болно. Уулзалтын төгсгөлд “Улаанбаатарын тунхаглал” баримт бичиг гарч, хэлэлцсэн асуудлаар гарсан дүгнэлтүүдийг дэлхий нийтэд танилцуулах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.