СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-06-28

Хятадын топ нийлүүлэгч нь Монгол...

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. Тавдугаар сард Монгол Улс БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын 46 хувийг дангаараа бүрдүүлжээ.
  2. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй албан ёсны уулзалт хийлээ.
  3. “Rio Tinto” Австралийн Мельбурн дахь лабораторидоо өөрсдийн цэнэг хураагуурын үйлдвэрлэлийг эхлүүлнэ.

Хагасыг нь хангав

Тавдугаар сард БНХАУ-ын нүүрсний импорт хэдийгээр өмнөх хоёр сарын түвшнээс буурсан ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад өндөр хэвээр бөгөөд тэр дундаа коксжих нүүрсний нийт импортынх нь бараг тал хувийг Монгол Улс бүрдүүлж байгааг “Sxcoal” мэдээллээ. Тайлант хугацаанд тус улсын коксжих нүүрсний импорт жилийн дүнгээр 2.16 сая тонноор буюу 47.3 хувийн өсөлт үзүүлсэн ч тавдугаар сард 6.73 сая тонныг импортолсон нь өмнөх сараас 19.8 хувиар буурсан үзүүлэлт болохыг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар тайландаа дурдсан байна.

Нүүрсний импортын татварыг тэглэх бодлого хэрэгжиж буй энэ үед БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 75 хувийг Монгол, ОХУ эзэлжээ. Ялангуяа тавдугаар сард Монголоос нийт 3.1 сая тонн коксжих нүүрс авсан нь өмнөх оны мөн үеэс 72.2 хувиар өссөн үзүүлэлт болоод зогсохгүй тус улсын нүүрсний нийт импортын 46 хувийг дангаараа бүрдүүлж байна. Харин оны эхнээс тавдугаар сар хүртэлх хугацаанд БНХАУ нийт 37.87 сая тонн коксжих нүүрс импортолсноос 49 хувийг нь монголын нүүрс бүрдүүлснийг “Sxcoal” онцолжээ.

Айлчлалын гол уулзалт

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй албан ёсны уулзалт хийж, яриа хэлэлцээний түвшинд байсан асуудлуудыг эцэслэн шийдвэрлэхээр санал нэгдсэнийг мэдээлэв. Ерөнхий сайд хилийн боомтуудын холболт, хамтын ажиллагаа, гэрээ хэлцлүүдийг хоёр улсын Засгийн газрын түвшинд эцэслэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэний зэрэгцээ хоёр талын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг бодит ажил хэрэг болгох, авлигын эсрэг хоёр улсын хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал ярилцжээ.

Байр суурь

“Desert Control компани LNC буюу шингэн байгалийн шавар нэртэй консептыг хөгжүүлсэн. Энгийнээр тайлбарлавал манай шийдэл шаварлаг хөрс болон эрдэс бодисыг шингэн төлөвт хөрвүүлж, доройтолд идэгдсэн элс болон элсэрхүү хөрсийг нөхөн сэргээдэг. Энэхүү шингэн нь татах хүчний нөлөөллөөр газрын хөрсөнд шингэн, элсний ширхэг бүрийг бүрхэснээр тухайн хөрс порлон шиг л ус болон эрдэс бодисыг шингээх чадвартай болох юм. Шинэ технологийнхоо үр дүнг бага хэмжээний туршилтуудаар нотолсон учир дараагийн шатанд дэлхий даяар нэвтрүүлэхээр бэлтгэж байна" хэмээн “Desert Control” компанийн Гүйцэтгэх захирал Оле Кристиан Сивертсен “Bloomberg TV Mongolia”-д ярилцлага өгөхдөө онцоллоо.

БНХАУ-ын Тяньжин хотод үргэлжилж буй “Зуны Давос” чуулга уулзалтыг "Bloomberg TV Mongolia" газар дээрээс нь сурвалжилж, хамгийн гол мэдээллийг нөлөө бүхий зочдын байр суурийн хамт тусгай хөтөлбөрөөр хүргэх болно.

Ховор элементийн хамтрал

“Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг энэ оны есдүгээр сард байгуулах саналыг Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VII хуралдааны үеэр Солонгосын тал дэвшүүлжээ. Мөн хоёр талын ажлын хэсгийн хуралдааныг ойрын хугацаанд хуралдуулж, тус төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, хэлбэр, хамрах хүрээ зэргийг тодорхойлж ажиллахаар тохирсон байна. Гуравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд энэ чиглэлийн хамтарсан судалгааны төв байгуулах яриа хэлэлцээрийг эхлүүлж, санамж бичигт гарын үсэг зураад байсан билээ.

Цахим худалдааны өсөлт

Монгол Улсын цахим худалдаа 2022 оны байдлаар 352 сая ам.долларт хүрч, нийт худалдааны салбарын 24 хувьтай тэнцсэн бол 2027 гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 600 сая ам.доллар давах төлөвтэй байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улаанбаатар хотноо үргэлжилж буй "Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт"-д үг хэлэхдээ онцолжээ. НҮБ-ын судалгаагаар Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн хийсэн цахим худалдаа 2017-2021 оны хооронд тав дахин нэмэгдсэн нь далайд гарцгүй орнууд дундаа хамгийн огцом өсөлтөд тооцогдож байгаа аж.

Сайн үнэлгээ

“Түмэн Шувуут” ХК компанийн засаглалын кодексийн үнэлгээгээр засаглал хэвийн буюу “эрсдэлгүй” түвшинд үнэлэгдсэнийг МХБ мэдээллээ. Энэ онд тус компани нийт 93.1 хувийн оноо авсан нь өнгөрсөн оноос 10 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Тэр дундаа компанийн аудит хяналтын тогтолцоо болон компанийн соёл, эрх бүхий албан тушаалтны цалин урамшууллын үнэлгээ нь өмнөх оноос тус тус 33 гаруй хувиар өссөнийг тайландаа дурдсан байна.

Хятадын дургүйцэл

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян эдийн засгаа улс төржүүлэхийг оролдох нь дэлхий дахиныг улам хагаралд хүргэхийг Засгийн газруудад хандан анхааруулсан нь АНУ болон Европ нийлүүлэлтийн сүлжээгээ Хятадаас бага хамааралтай болгохоор зорьж буй үетэй давхцав. Гуравдугаар сард албан тушаалаа хүлээн авснаас хойш олны өмнө тун цөөн гарсан тэрбээр “Зуны Давос-2023” чуулганы нээлтэд үг хэлэхдээ барууны зарим орон “хамаарлаа багасгах”, “эрсдэлийг бууруулах” гэх мэт хэллэгүүдийг хэт хөөрөгдүүлж байна хэмээн буруутгажээ. Түүнчлэн “сүүлийн жилүүдэд зарим хүмүүсийн босгосон үл үзэгдэгч хана улам томорч, дэлхий дахиныг хагарал руу, түүгээр зогсохгүй зөрчил рүү түлхэж байна” гэжээ

Кремльд юу болов?

Евгений Пригожин эцэст нь Беларусьт очиж, харин Владимир Путин ОХУ-д иргэний дайн гарахаас сэргийлж чадсаныг онцоллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч телевизээр шууд дамжуулсан уулзалтынхаа үеэр зэвсэгт хүчнийхэн болон аюулгүй байдлын албаныханд талархал илэрхийлсний сацуу “Wagner” группыг санхүүжүүлэхэд тус улсын төрөөс 276 тэрбум рубль буюу 3.2 тэрбум ам.доллар зарцуулсныг хэлжээ. В.Путины 24 жилийн засаглалд хамгийн том эрсдэл учруулсан зэвсэгт бослогын дараа тохиролцооны дагуу “Wagner” группт үүсгэсэн хэргийг хаагаад байгаа юм.

Rio өөрсдөө үйлдвэрлэнэ

“Rio Tinto” энэ оны сүүлээр Австралийн Мельбурн дахь лабораторидоо өөрсдийн цэнэг хураагуурын үйлдвэрлэлийг эхлүүлж, хурдацтай өсөж буй цэвэр эрчим хүчний салбарт технологийн судалгаа, туршилтаа эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Дэлхийн хоёр дахь том уул уурхайн компанийн хувьд лити болон цэнэг хураагуурын бусад металлын гол үйлдвэрлэгч болохоор зорьж байгаа юм. “Тус лабораторид бид өөрсдийн цэнэг хураагуураа үйлдвэрлэснээр ашигт малтмал болон бусад бүтээгдэхүүнүүд маань бодит хэрэглээнд хэр тохиромжтой байхыг шалгах боломжтой болох юм” хэмээн “Rio Tinto”-ийн Эрдэс хариуцсан захирал Шинейд Кауфман өгүүлжээ.

AI тэсрэлтийн ард…

"Nvidia" тавдугаар сард борлуулалтын төсөөллөө огцом нэмэгдүүлж, улмаар зах зээлийн үнэлгээгээ 1 их наяд ам.долларт хүргэхэд гол нөлөө үзүүлсэн хүчин зүйл нь тус компанийн хамгийн сүүлд гаргасан график процессор H100 байсан юм. Дата төвүүдэд голчлон ашиглагддаг уг шинэ чип нь генератив хиймэл оюуныг тойрсон халуурал бодит орлого болж эхэлснийг хөрөнгө оруулагчдад батлан харуулах болжээ. Тиймдээ ч H100-ийн эрэлт маш өндөр байгааг дурдах нь илүүц байх. Зарим үйлчлүүлэгчид бүр зургаан сар хүлээсний эцэст захиалгаа хүлээн авч байгаа аж.

BloombergTV.mn танд санал болгож байна

  • 2022 онд дэлхий даяар эрүүл мэндийн чиглэлийн зарцуулалт 12 их наяд ам.долларт хүрчээ
  • Малчдын НДШ-ийн 50 хувийг төсвөөс төлөх заалтыг "ялгаварлан гадуурхсан" гэж шүүмжлэв

Онцлох чарт

АНУ-ын энэ оны нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 41 хувийг байгалийн хийнээс гарган авахаар байгаа нь рекорд дээд үзүүлэлт төдийгүй нар, салхи, ус, нүүрснийхийг нийлүүлснээс өндөр дүн болж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.