СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүлжээ дэлгүүрүүдийн нэр барьж цахим залилан хийж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

"Онлайн дэлгүүрийн захиалгын туслах ажилд авна. Цалин өдрийн 150 мянгаас 600 мянга" гэсэн зар фейсбүүкийн хуудсуудаар тархжээ. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Зарим сүлжээ дэлгүүрүүдийн нэрийг барьж цахим орчинд хуурамч пэйжээр зар тараасан үйлдлийг ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээр шалгуулж байна. Урьдчилсан байдлаар цахим залилан гэдэг нь тодорхой болсон" гэсэн хариу өглөө. 

Фейсбүүкийн DgsdshopA, Kutxshopp01 зэрэг шинээр нээсэн хуудсаар "Хаана ч, хэзээ ч гар утас эсвэл компьютерээ ашиглан манай онлайн худалдааны платформын даалгаврыг онлайнаар гүйцэтгээрэй. Даалгавар тус бүрийг 20 минутын дотор хийж болно. Нэг даалгавар 25000 төгрөг, 5 даалгавар 125000 төгрөг. Зарах шаардлагагүй, хүмүүстэй харилцах шаардлагагүй, ажлын туршлага шаардлагагүй. Өдөрт 150.000 төгрөг" гэх буюу, "Би ажиллаж байна. Онлайнд бага цагийн ажлын боломжтой оролцогч ажиллагаа. Утас ашиглан ажиллаарай. Туршид мэдлэг шаардлагагүй. Мэдээллийг авахын тулд доорх товчлуурыг дарна уу" гэсэн зарыг олонд түгээжээ. 

Өндөр цалин, орлого сонирхсон хүмүүс цахимаар бүртгэл хийж, хувийн бүх мэдээллээ алдсан байх магадлалтай байна. 

Бид энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн программистаас тодруулсан юм. Тэрбээр "Уг нь гярхай хүн бол хуурамч хаяг гэдгийг нь төвөггүй мэдэж болохоор байна л даа. DgsdshopA, Kutxshopp01, Kutxshopp02, Kutxshopp03 гэх зэрэг нэрийг харахад хуурамч нь тодорхой байна. Мөн фейсбүүкт мөнгө төлж (sponsored) хийсэн байгаа нь ихээхэн ач холбогдол өгснийг харуулж байна. Даанч манайхан ямар нэг зүйлийг нягталдаггүй. Эх сурвалжаа хардаггүй. Фейсбүүк дээр бичсэн бүхэнд шууд итгэдэг.
Хоёрт, эдгээр заруудыг хийхдээ маш алдаатай бичсэн байна. "Би ажиллаж байна" гэж ямар ч монгол хүн бичихгүй шүү дээ. "Бага цагийн ажил" гэж монгол хүн ярьж бичдэггүй. Тэгэхээр энэ нь гүүгл орчуулга ашиглаж гадны улсаас бичсэн байна. 

Хамгийн гол нь цахимаар бүртгүүлсэн хүмүүс бүх хувийн мэдээллээ алдсан нь баталгаатай. Хувийн мэдээллийг авсан хүмүүс уг хаяг руу нэвтэрч, цахим залилан, луйвар хийх бүрэн боломжтой болно. Мөнгө төгрөг, өөрийн хөгжүүлсэн хуудас, группээ ч алдах эрсдэлтэй. Хаягаа ч алдаж мэднэ" гэв. 

Сүүлийн үед цахим залилан огцом нэмэгдээд байгаа ба давхардсан тоогоор 2.7 сая тохиолдол цагдаад бүртгэгджээ. Энэ нь Монгол улсын насанд хүрсэн бүх иргэн ямар нэг хэлбэрээр өртсөн гэсэн үг юм. 

Өмнө нь "Имарт", "Номин", МИАТ зэрэг үндэсний томоохон аж ахуйн нэрийг барьж залилан хийсэн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байв. 

Иймд та бүхэн мэдээллийн эх сурвалжаа нягтлан шалгаж байхыг сэрэмжлүүлж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.