Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажлын уулзалт хийв.
Уулзалтаар талууд хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол Улсад газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, түүнчлэн Улаанбаатар хот дахь эрчим хүч үйлдвэрлэлийн байгууламжуудыг шинэчлэх асуудлуудыг хэлэлцэв.
ОХУ-ын “Роснефть” ХН нь 2005 оноос хойш Монгол Улсын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлд тууштай ажиллаж байна. Энэ хугацаанд “Роснефть” ХН нь Монгол Улсын түлшээр найдвартай хангаж, нийт дүнгээр 13,7 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлээд байна.
Уулзалтын хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах болон үнэ буруулах боломжийг голчлон хэлэлцсэн байна. Мөн талууд ирээдүйд тохиох боломжтой давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж нийлүүлэлт тасалдсан тохиолдолд зайлшгүй нөхөх арга хэмжээ авах талаар тохиролцов.
Тодруулбал, энэ оны зургадугаар сард Монгол Улсын хэмжээнд төмөр замын ачааллаас үүдэн нийлүүлэлт хойшлогдсон газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг нөхөн нийлүүлэхээр ярилцав. Тохиролцооны дагуу ирэх саруудад энэ хэмжээг нөхөн нийлүүлэх талаар талууд уулзалтаар тохирчээ.
Эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хангах асуудалд чухал үүрэг гүйцэтгэдэг нэг асуудал бол нөөцийг бий болгох явдал юм. “Роснефть” ХН-ийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн төлөвлөгөөт засварын ажил ойрын саруудад хийгдэх гэж байгаатай холбогдуулан тус компани Монгол руу экспортлох шатахууны хэмжээг ойрын хугацаанд нэмэгдүүлнэ гэв.
Уулзалтын үеэр 2022 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын хууль тогтоомжид тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулж, Улаанбаатар хотын шинэ “Чингис хаан” нисэх онгоцны буудлын шатахуун түгээх цогцолборт онгоцны түлш нийлүүлэх боломжтой болсонд Монгол Улсын Их Хурар онцгой чухал хувь нэмэр оруулсныг Оросын тал талархан тэмдэглэв.
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал Игорь Сечин нар Монгол, Оросын хоёр талын харилцаа сайн хөршийн, найрсаг уур амьсгалд өрнөдгийг онцлон тэмдэглэсэн ба уулзалтын дүнгээр Игорь Сечин “Монгол Улс бол манай Улсын хувьд эрчим хүчний стратегийн түнш юм. Бид танай улсад хүргэх нийлүүлэлтийн найдвартай байдлыг баталгаатай хангах болно” гэдгээ илэрхийлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.