СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-22

Хэрэг болгонд "Хадаатай" байдаг Б.Пүрэвдорж шатахуун импортлогчдын эрх ашгийг хамгаалж байгаагийн цаад шалтгаан юу вэ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилж, батлуулсан Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хуурамч шатахууныг бүрмөсөн хориглох бус “Өндөр татвар авна” гэж заагаад нэг хэсэг цуурсан. Хуурамч шатахуун гэх ойлголтыг шатахуун импортлогчид үнээ нэмж, нийлүүлэлтээ зогсоон төрийг шантаажлахын тулд зохиосон ч гэдэг. Харин одоо УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ асуудлыг дахин хөндөж, аль чадахаараа зүтгээд байгаа нь сайндаа ч бус шатахуун импортлогчдын эрх ашгийг хамгаалж байж болзошгүй нөхцөл байдалд хүрээд байгаа аж.

Б.Пүрэвдорж анх аймагтаа гаалийн байцаагч байлаа. Тэр 14 жил Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцаагч, албаны даргаар ажилласан түүхтэй. Дараагаар нь, Ховд аймгийнхаа Ардчилсан намын дарга, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргаар томилогдож байсан.Харин үүний дараа Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар томилогдож, “хар тамга” даруулсан түүхтэй. Учир нь, уг албан тушаалд ажиллаж байхад улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагынхны хараанд өртсөн. Энэ цагаас Б.Пүрэвдоржийг монголчууд мэддэг болсон гэхэд хилсдэхгүй. Тэгээд удалгүй УИХ-ын гишүүнээр сонгогдож, өдгөө хоёр дахь удаагаа Ховд аймгаас сонгогдон  гишүүнээр ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн болохынхоо урд жил хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад ээрэгдэж байхдаа гишүүн болсон гэсэн үг. Түүний намтар товчхондоо ийм.

Б.ПҮРЭВДОРЖИЙН ХАМААРАЛ БҮХИЙ “БАРУУНМОНГОЛ ИНТЕРНЭШНЛ” ХХК АЙМАГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС АВСАН 350 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ

Тэгвэл гаалийн байгууллагаас гарч, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга байхдаа гав зүүх дөхсөн Б.Пүрэвдорж махны үйлдвэр барина гэх нэрээр улсаас их хэмжээний зээл авч, хохирол учруулсан байж болзошгүй ноцтой баримтыг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2021 онд өгсөн ХОМ-тээ 33 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 20 сая төгрөг гэж мэдүүлжээ. Мөн 460 сая төгрөгийн нэг орон сууцтай, 144 сая төгрөгийн “Лексус-570” автомашинтай, 38.5 сая төгрөгийн 15 үхэр, 18 адуутай, 45 сая төгрөгийн үнэт эдлэл, 3.5 сая төгрөгийн хадгаламжтай гэсэн байна.

Б.Пүрэвдорж нь Өлзийбаярын Түвдэндоржтой “Баруунмонгол интернэшнл” ХХК-ийг хамтран эзэмшдэг бөгөөд “Ховддоо сайхан амьдарцгаая” НҮТББ, “Ховд аймгийн волейболын холбоо” НҮТББ, “Ховдын хүчит шонхорууд сагсан бөмбөгийн клуб” НҮТББ, “Монголын махны холбоо” ГҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга, тэргүүнээр ажилладаг. Түүний хувь эзэмшдэг “Баруунмонгол интернэшнл” ХХК нь мах, махан бүтээгдэхүүн бэлтгэх, нийлүүлэх ажил эрхэлдэг. Харин Б.Пүрэвдорж Ховд аймгийн АН-ын дарга байхдаа “Баруунмонгол интернэшнл” ХХК-аараа дамжуулан аймаг хөгжүүлэх сангаас махны үйлдвэр барина хэмээн 350 сая төгрөгийн зээл авсан байдаг. “Баруунмонгол интернэшнл” ХХК одоог хүртэл махны үйлдвэрээ байгуулсан мөнгөө төлөөгүй гэх. Тодруулбал, “Баруун монгол интернэйшнл” ХХК нь дээрх 350.000.000 төгрөгийн зээлийн 123.720.000 төгрөгт хоёр орон сууц хүлээлгэн өгч зээлийн төлбөрт тооцуулсан, үлдэгдэл 226.280.000 төгрөгийг төлөөгүй байна.

Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий “Баруунмонгол интернэшнл” ХХК нь 2015 онд ХААДС-аас 94.6 сая төгрөгийн үнэтэй техник, тоног төхөөрөмж авчээ. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл зээлээ мөн л төлөөгүй байна.

ВИЗ НАЙМААЛЦАГЧ Б.ПҮРЭВДОРЖ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр 2015 онд хэрэг нээн шалгаж байв. Улмаар түүний хэргийг өнгөрсөн жилээс дахин сэргээн шалгаж эхэлсэн гэдэг. ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын төсөвт нийтдээ 236.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг 2020 оны арваннэгдүгээр сард сэргээн шалгуулахаар прокурор шийдвэрлэж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст прокурорын даалгаврын дагуу нэмэлт ажиллагаа эхлүүлсэн гэдэг мэдээлэл байна. Тодруулбал, ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа БНХАУ-ын 306 иргэнд виз олгохдоо холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж, улсад 40 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан, мөн тус албанд байхдаа гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай холбогдох хуулийг зөрчиж, улсад 236 төгрөгийн хохирол учруулсан буюу улсын төсөвт нийт 236 сая төгрөгийн хохирол учруулсан, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх. Түүнчлэн гишүүнийг Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр 2020 оноос шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ч бий.

Б.ПҮРЭВДОРЖИЙН ЭГЧИЙНХ НЬ НӨХӨР А.ЦОГТ-ОЧИРЫН “ЖИНСТ ТРАНС” ХХК МАЛ ХАМГААЛАХ САНГААС АВСАН 1.3 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВЧЭЭ

Б.Пүрэвдоржийн эгчийнх нь нөхөр А.Цогт-Очирын үүсгэн байгуулсан “Жинст транс” ХХК-ийн Мал хамгаалах сан”-гаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авчээ. “Жинст Транс” компани. Нь  2014 оны гуравдугаар сарын 10-нд бүртгэлийн гэрчилгээгээ И.Идэрбат гэсэн хүний нэр дээр авсан байна. Үйл ажиллагааны чиглэл нь барилга угсралт, хуурай замаар хийгдэх ачаа тээвэр, фитнесс клуб, тээвэр зууч гэжээ. Хаяг нь, Ховд, Жаргалант, 7-р баг, Магсаржав, 52 айл, 4-41 тоот. Уг хаягаар нь хайлт хийвэл, А.Цогт-Очирын “Цогт дайчин” ХХК-ийн мэдээлэл мөн л гарч ирж байгаа юм.

“Жинст транс” компани нь 2017 онд “Өвөл, хаврыг өнтэй давъя” арга хэмжээний хүрээнд зарласан төсөлд сонгон шалгарч, 1.3 тэрбумын хүүгүй зээл авсан байдаг. Гэтэл тус компанийн зүгээс нийт 502.4 сая төгрөгийг эргүүлсэн төлсөн ч зээлийн үлдэгдэл болох 797.5 сая төгрөгийг хуваарийн дагуу төлөөгүй учраас шүүхэд дуудагдаад байгаа. Мөн уг сантай байгуулсан гэрээний 5.3 дахь заалтын дагуу алдангийн хоног тутамд 0.5 хувиар тооцон, 384 сая төгрөгийг шүүхээр дамжуулан тус компаниас нэхэмжилсэн байдаг. Үндсэн зээлийн төлбөр 797.5, алданги 384.1 нийт 1.1 тэрбум төгрөгийг “Жинст транс”-аас гаргуулахаар шүүхэд хандаж байлаа.

СОГТУУ ЖОЛООЧ, ОСОЛ ГАРГАГЧ Б.ПҮРЭВДОРЖ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2021 оны дөрөвдүгээр сард “Ниссан тиана” загварын автомашин жолоодож явахдаа зам тээврийн ноцтой осол гаргасан байдаг. Тэрбээр “Тоёота приус-20” маркын автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон гэх. Ослын дараа автомашин урд хэсгээсээ шатаж эхэлсэн бөгөөд онцгой байдлын албанд дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Дуудлагын дагуу  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид нэг км зам туулан 22:58 цагт очиж “Ниссан тиана” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан байна. Энэ талаар тухайн үеийн Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Б.Пүрэвдорж гишүүн зам тээврийн осол гаргасан нь үнэн. Зам тээврийн осолтой холбоотой асуудлыг шалгаж байна” гэсэн юм.

Харин Б.Пүрэвдорж гишүүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон учир осол гаргаж, хамар, завжнаас нь цус гарч, уруул нь сэтэрч эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар ГССҮТ рүү хүргэгдсэн гэх.

 “Д.МУРАТ Б.ПҮРЭВДОРЖИД ХҮҮХЭН БЭЛЭГЛЭСЭН ГЭХ...”

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн нэр хаана л бол хаана “хадаастай” байдаг гэхэд нэг их зөрөхгүй болов уу. Тэр хүчин, бэлгийн дарамт, “янаг амраг”-ийн хэрэгт нэр холбогдсон найман гишүүний нэгээр тодорч байлаа.

     Тодруулбал, Д.Муратын бэлгийн дарамтын хохирогч гэгдэж байсан иргэн Б.Бахытгүл бас нэгэн УИХ-ын гишүүнийг нэр зааж, ноцтой мэдэгдэл хийсэн байдаг. Тодруулбал, иргэн Б.Бахытгүл “УИХ-ын гишүүн асан Д.Мурат нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид нэгэн эмэгтэйг бэлэглэж, өөрийн ажлыг бүтээлгэсэн” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, “УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэх асуудал олон нийтийн дунд шуугиан тарьсан юм. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ асуудалд “Татварын нэмэгдэлтэй холбоотой шуугианыг үүгээр дарах гэж байна. Улс төрч хүн бол ийм зэргийн дайралтыг даагаад гарах ёстой. Зургаадугаар сард Казакстан явсан нь үнэн. Гэхдээ өндөр хамгаалалттай орчинд тийм янз бүрийн асуудал гаргадаггүй. Энэ бол гүтгэлэг” хэмээн тайлбар өгснөөр энэ дуулиан намжиж байсан юм.

КАЗИНОЧИН Б.ПҮРЭВДОРЖ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж казино тоглосон хэрэгт холбогдож байлаа. Тодруулбал, 2020 онд УИХ-ын нэр бүхий гишүүд, тэр дундаа АН, МАН-ын бүлгийн дарга нар гадаад улсад казино тоглосон хэрэгт холбогдсон байдаг. Энэ дунд Б.Пүрэвдорж гишүүн багтсан юм.  Хачирхалтай нь, нэр холбогдож, зургаар баталгаажсан гишүүд “Казиног сонирхож орсон, тоглоогүй” гэсэн тайлбар хэлж байсан юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.