СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-06-22

Б.Бат-Энэрэл: Дэлхийн дуучин болно доо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж, шинэ содон утга аялгуутай дуугаар сонсогч олноо хөглөдөг авьяаслаг хүү бол Б.Бат-Энэрэл билээ. Түүнийг урьж ярилцлаа.

-Сүүлд гаргасан уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-“Бурхандаа зориулж дуулаарай” хэмээх ээлжит шинэ уран бүтээл маань мэндлээд удаагүй байна. Дууны шүлгийг  МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Ч.Алтантүлхүүр ах бичсэн юм. Харин аялгууг нь Соёлын тэргүүний ажилтан Ж.Батболд ах хийсэн.

Дуу бүтсэн түүх гэвэл Ч.Алтантүлхүүр ах “Ийм дуу байна, ахын дүү дуулах уу?” гэж санал тавьсан. Тиймээс надад таалагдаад дуулсан. Энэ хоёр эрхэм хүнтэй олон уран бүтээлд хамтарч ажиллаж байна. Мөн “Баярлуулж яваарай” дуугаа А.Санчирмаа хэмээх охинтой хамт дуулж байгаа. Надтай ижилхэн мөрөөдөлтэй байсан. Тиймээс мөрөөдөлд нь багахан ч гэсэн тусалъя гэж бодсон.

-Анх дуулж эхэлсэн  үе нь  саяхан мэт санагдаж байна. Өдий хугацаанд хэдэн дуу гаргаад байна?

-Хоёр настайгаасаа дуулж сурсан. Багштайгаа таван настай байхаасаа танилцаж хамт дуулсан юм. Анх “Хаан заяатай орчлон” дуугаа түмэн олондоо хүргэсэн билээ. Миний анхны уран бүтээл учраас  бүх зүйлд нь чин сэтгэлээсээ хандсан. Тухайн уран бүтээлийг Ардын жүжигчин С.Батсүх багштайгаа хамтран дуулсан байдаг. Мөн урын санд маань  багштайгаа болон ганцаарчилсан 40 гаруй уран бүтээл бий. Бүх дуундаа хайртай. Хайр сэтгэлийн тухай дуу байхгүй, бусад сэдвийг дууг дуулсан байх. Тухайлбал, нутаг ус, аав ээж, найз,  эх орны тухай дуу бий.

-Ардын жүжигчин С.Батсүхтэй хамт олон уран бүтээл гаргасан. Тиймээс багшаасаа үлгэр дуурайлал авдаг байх?

-. С.Батсүх багш маань “Миний хүү дуугаа чин сэтгэлээсээ дуулбал бурхдад хүртэл сонсоно шүү” гэж захидаг. Багштайгаа хамт дуулах үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Тиймээс багшдаа үргэлж баярлаж, хайрлан хүндэлдэг.

-Тайзны хувцсаа дуулж буй дуутайгаа зохицуулж өмсдөг байх. Хувцасны загвар, стилийг хэн бүрдүүлж өгдөг вэ?

-Би дуулахдаа өмсөх хувцсаа ойр дотны хүмүүстэйгээ ярилцаад сонгодог. Өөрийн хүссэн хувцсаа өмсөхөөр тааламжтай байдаг. Мөн тайзан дээрээ өөрийн хүссэнээрээ дуулахад хувцас чухал үүрэгтэй. Дуулж буй дууныхаа утга агуулгатай зохицуулж хувцасладаг. Дуугаа утга үгэнд амьдарч дуулахыг хичээдэг. Тухайлбал, ээжийн тухай дуу дуулахдаа ээжийгээ дотроо бодно.

-Урлагийн хүн тэр дундаа дуучин хүний хамгийн том орон зай нь тайз байх. Үзэгчдийн алга та­шил­­таас ямар мэдрэмж авдаг вэ?

-Тайз бүхэн ижилхэн мэдрэмж өгдөг. Үзэгчдийн алга ташилтаас эрч хүч, эерэг энерги, урам зориг авах нь сайхан. Би тайзан дээр дуулж байхдаа их аз жаргалыг мэдэрдэг. Тиймээс үзэгч сонсогч, тайзандаа хайртай.

-Ер нь шантарсан, урам хугарсан үе тохиолддог байх. Энэ үеэ хэрхэн даван туулдаг вэ?

-Би өдий хугацаанд шантарч урам зориггүй болсон удаагүй. Хэрэв дуулах дургүй, зорилго мөрөөдөлгүй байсан бол шантрах байсан. Учир нь амархан зүйл гэж байхгүй. Уран бүтээл хийгээд явахад бэрхшээл багагүй тулгарна. Жишээ нь, “Өөртэйгөө ярилцахуй” дууныхаа зураг авалтад орохдоо гадаа их хүйтэн байсан болохоор даарсан. Гэхдээ би хийж байгаа ажилдаа дуртай болохоор хэцүү байна гэж хэлээгүй. Тиймдээ ч дэлхийд алдартай, сайн дуучин болох мөрөөдөлтэй учир тохиолдсон бүхнийг даваад л гарна. Үргэлж сайн уран бүтээл гаргахын төлөө хичээдэг.

-Мөрөөдлөө биелүүлэхийн тулд юу хийх ёстой гэж боддог вэ?

-Надад хамгийн чухал зүйл  эрүүл мэнд, элэг бүтэн амьдрал, уран бүтээл юм. Мө­рөө­дөлтэй хүн зорилготой байдаг. Зорилгодоо хүрэхийн тулд сайтар хөдөлмөрлөж туршлагатай болох хэрэгтэй. Мөн аливаад хан­дах хандлага, төлөвшил зөв байх чухал. Би л мундаг гээд биеэ тоож болохгүй гэж боддог. Үзэгч сонсогчоо хүндэлдэг, соёлтой байх нь чухал. Би хүн хамт зураг авахуулъя гэвэл хүндэтгэлтэй ханддаг. Миний гаргасан тухайн үеийн зан, хандлагыг дараа нь тэр хүн ярьдаг юм билээ. Тиймээс сайн хүн байх ёстой. Хэрвээ надтай зурагаа авахуулъя гэхэд нь би боломжгүй гэж хэлбэл “ямар муухай зантай хүүхэд вэ “ гэж бодно. Ийм зан гаргаад байвал нэг мэдэхэд намайг хэн ч хүндлэхгүй, сонсохгүй.

-Тэгэхээр хамт зураг авахуулсан сонсогчдод нь эерэг сэтгэгдэл үлддэг шиг санагдлаа? 

-Хэчнээн завгүй явсан ч үзэгч сонсогчоо хүндэлнэ. Дээр нь би нэг эгчтэй Хөгжим бүжгийн сургууль дээр таараад хамт зураг авахуулсан юм. Гэтэл хэд хоногийн дараа би хөдөө явах гэж байгаад дэлгүүрийн гадаа  таараад. Тэгсэн нөгөө эгч намайг таниад хажуугаар гарахдаа “Бат-Энэрэл байна, энэ ёстой хөөрхөн хүүхэд, хүнийг хүндэлдэг” гэж ярих нь сайхан санагдаж  байлаа. Дуучин хүн зураг авахуулах нь дуулахын хажуугаар дагалдах ажил нь юм.

Баатарын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 123 (7108)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сайн хүү шүү м
1 жилийн өмнө
202.55.188.41

Ну

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.