СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэ онд 185 мянган га талбайн ойн хөнөөлт шавжтай тэмцэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлт, ойн хөнөөлт шавж устгал болон мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна.

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт ойн хөнөөлт шавжтай агаараас тэмцэж байгаа ажлын явцын талаар Ойн газрын Ойжуулалт, нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг танилцуулав.

Энэ жил улсын төсвийн есөн тэрбум, Рио Тинто компанитай хамтарч гурван тэрбум, нийт 13 орчим тэрбум төгрөгийг хөнөөлт шавжтай тэмцэхэд зарцуулна. Өнөөдрийн байдлаар энэ ажил 20 гаруй хувьтай байна.

Энэ онгоц нэг удаагийн нислэгээр 3,2 тонн бэлдмэл авч, 900 км-ийн алслалттай, 500-700 га газарт хор цацах хүчин чадалтай юм. Мөн “Гранд форест” ХХК дрон ашиглан ойн хөнөөлт шавжтай тэмцэх туршилт хийж эхэлжээ.

Монгол Улсад Якобсоны төөлүүр, Сибирийн хүр, өрөөсгөл хүр, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр, моносны бүгэг, шинэсний шилмүүс хуйлагч шавж зонхилон тархсан байдаг.

Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан зэрэг 12 аймгийн 81 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Богд хан уулын Дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газар гээд нийт 1,5 орчим сая га талбайд тархсан. Үүнээс 732 мянган га талбай голомттой гэсэн судалгаа гарчээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулахын зэрэгцээ ой модоо хөнөөлт шавжнаас хамгаалах, устгалыг цаг хугацаанд нь чанартай хийх, нөхөн сэргээхэд онцгой анхаарах хэрэгтэйг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв.
Мөн улсын төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээ дэмжих шаардлагатай гэлээ.

Улсын хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх 30 орчим бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 20 орчим нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.