ХХААХҮЯ-аас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) нь Итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах техник туслалцаа үзүүлж байна. Техник туслалцааны хүрээнд ЮНИДО нь Монгол Улсын арьс ширний үйлдвэрлэлийн оролцогч талуудад зориулан Турк улсад туршлага судлах аялал зохион байгуулав.
Тус аялалд арьс шир боловсруулах 6 үйлдвэр аж ахуйн нэгжийн удирдлагууд, технологичид, лаборатори, МАШҮХолбоо, ХХААХҮЯ-ны холбогдох төлөөлөл бүхий нийт 16 хүн оролцов. Түүнчлэн Турк улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга болон Истанбул хот дахь Ерөнхий консул оролцож арьс шир үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай санал солилцов.
БНТУ нь аж үйлдвэрийн паркийг аж үйлдвэрийн бүс болгон зохион байгуулсан анхдагчдын нэг юм. Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос зохион байгуулалттайгаар аж үйлдвэрийн бүс рүү шилжүүлэх ажлыг 1990-ээд оны эхэнд хийж гүйцэтгэсэн бөгөөд аж үйлдвэрийн бүсүүдэд арьс ширний үйлдвэрүүдийг бохир ус цэвэрлэх байгууламж, усан хангамж, эрчим хүчний хангамж, хог хаягдлын менежмент зэргийг шийдэж өгсөн байдаг нь тэдгээр үйлдвэрүүдийг LWG-ийн гэрчилгээ авахад томоохон туслалцаа болдог.
Туршлага судлах ажлын үр дүнд Турк улсын Тузла болон Бурса дахь LWG-ийн алтан медаль бүхий стандарт нэвтрүүлсэн арьс ширний үйлдвэрүүд, цэвэрлэх байгууламжууд, аж үйлдвэр технологийн паркууд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд БНТУ-ын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой түншлэлийн уулзалтуудыг зохион байгуулж Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо Харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт хоёр тал Турк улсад Монгол Улсаас арьс ширний салбарын хүний нөөц бэлтгэх, LWG стандарт шаардлага хангасан эко аж үйлдвэр технологийн парк байгуулахад ноу-хау, туршлагаасаа хуваалцах, хөрөнгө оруулалт татах, дайвар бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад хамтран ажиллах, түүнчлэн Турк улсаас байгаль орчинд ээлтэй химийн бодис, туслах материал, технологийн өндөр түвшний тоног төхөөрөмжүүд нийлүүлэх зорилгоор Монгол Улсад төлөөлөгчийн газраа байгуулж ажиллахад Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо туслалцаа үзүүлж хамтран ажиллах тухай тусгав.
Мөн Турк улсын арьс шир үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд болон лаборатори нь Монгол Улстай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн бөгөөд сонирхолтой буйгаа илэрхийлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
30 жил судлаж байна даа.