Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Тулах цэг төв” ТББ болон “Эко гар утасны тавиур” ХХК-д ажиллажээ.
Энэ үеэр тус газруудын үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдал, ажиллах орчинтой танилцахын сацуу тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Тулах цэг төв” ТББ нь 260 гаруй гишүүнтэй бөгөөд Боловсрол, сэтгэл судлалын академитай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн сургалт, зөвлөгөө өгөх уулзалтыг тогтмол зохион байгуулдаг. Мөн 2019 оноос хойш оёдлын чиглэлээр жижиг, дунд үйлдвэр байгуулан, сонсгол, хэл ярианы бэрхшээл, унаж татах эмгэгийн оноштой болон тулгуур эрхтний бэрхшээлтэй 19 иргэнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж буй. Тус төвийн ажлын байр нь нийт ажилчдадаа хүрэлцэхүйц том биш учир нэг дор долоон хүн л ажиллах боломжтой. Харин үлдсэн хүмүүс нь гэрээсээ ажилладаг бөгөөд төвийн зохион байгуулагч шаардлагатай материалыг гэрт нь хүргэж өгч, бэлэн болсон бүтээгдэхүүнийг зөөвөрлөх маягаар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй олон иргэн ажилд орох хүсэлт явуулдаг тул ажлын байраа томсгож чадвал хүн хүчээ нэмэх боломжтой гэдгийг төвийн зохион байгуулагч, үүсгэн байгуулагч М.Маргад онцолж байлаа.
Харин “Эко гар утасны тавиур” ХХК нь 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй. Тэд анх тавилгын үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Ингэхдээ хаягдал бүтээгдэхүүнээрээ гар утасны тавиур хийн, борлуулсан нь амжилттай болж, өдгөө бэлэг дурсгалын чиглэлээр зургаан нэр төрлийн модон эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ.
“Эко гар утасны тавиур” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Батзориг “Одоогоор манайх байнгын 12 ажилчинтай бөгөөд тэмдэглэлт баярын өдрүүдэд ачаалал нэмэгдэх үеэр хөгжлийн бэрхшээлтэй болон орон нутгийн иргэдийг ажиллуулдаг. Цаашид үйлдвэрийн үйл ажиллагаагаа стандартжуулан, өргөжүүлж, илүү олон хүнийг ажлын байраар хангахаар зорьж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгдэн, өөрсдийн ур ухаан шингэсэн бүтээлүүдийг бий болгон хөдөлмөрлөж, бодит үр дүн гаргаж буйг харахад таатай байна. Цаашид бид ажлын байр бий болгож байгаа хүмүүсээ аль болох дэмжин, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд анхаарна” хэмээсэн юм. Түүнчлэн тэрбээр гадаадын зочид, төлөөлөгчдийг ирэхэд үндэсний бүтээгдэхүүнээ бэлэг болгон өгдөг жишгийг бий болгохын тулд “Эко гар утасны тавиур” ХХК-ийг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Ийн залуучуудыг дэмжсэнээр ажлын байр нэмэгдэж, үүнийг дагаад үндэсний үйлдвэрлэгчдийн ашиг орлого өсөх давуу талтай гэдгийг онцлов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нөгөө 0777 дугаар зүүдэг залуу бн!