УИХ-ын чуулганы хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголыг батлав. Үүнтэй холбоотой Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл өгөв.
Сангийн сайд Б.Жавхлан:
-2023 оны төсвийн тодотгол 1 их наяд 896 тэрбум төгрөгөөр батлагдлаа. Ингэснээр Монгол Улсын 2023 оны төсвийн үндсэн тэнцэл 23 их наяд болж байгаа юм. Цалин, тэтгэвэр, зорилтот тэтгэмж, хүүхдийн мөнгө, нийслэлийн түгжрэлийг бууруулах 21 төслийг үргэлжлүүлэн дуусгах төсвийг шийдсэн тодотгол боллоо.
Энэ удаагийн тодотгол өнгөрсөн жилээс хойш авч хэрэгжүүлсэн богино хугацаанд экспорт, төсвийн тэнцлийн алдагдлаас гарах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, 2022 оны төсвийн алдагдлыг бууруулах шат дараалсан арга хэмжээнүүдийг авсны үр дүнд бий болсон.
2022 оны төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг гарах байсан бол 980 тэрбум болж 1.5 их наяд төгрөгөөр буурсан. Энэ жил 650 сая ам.долларын гадаад өрийг төлж барагдуулаад байна. 9, 12 дугаар сард Хөгжлийн Банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй хоёр том бондын нэгийг одоогоор төлж барагдуулахад бэлэн боллоо. Евро бондын 500 сая доллароос 390 сая долларыг төлөөд байна. Үлдсэн хугацаанд өрийг барагдуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа:
-Энэ удаагийн төсвийн тодотголоор иргэдийн амьжиргааг дэмжих, шаардлагатай албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, тэтгэвэр хүүхдийн мөнгийг нэмж олгох, байнгын асаргаатай хүүхдүүдийн тэтгэмжийг 2-3 дахин нэмэгдүүлэхээр боллоо. Засгийн газрын хуралдаанаар холбогдох журмыг батална. Ирэх долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох журмуудыг батлуулна. Журам батлагдсаны дараа хүүхдийн мөнгийг хэрхэн нөхөн олгох, тэтгэвэр, цалинтай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх болно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулж, батлууллаа. Хүүхдийн байгууллагыг хүүхдийн хамгаалал, хөгжил рүү чиглэсэн болгохоор шийдвэрлэлээ. Аймаг, орон нутгийн байгууллагуудын автомашиныг хэмнэлтийн горимд шилжүүлсэн байснаас хүүхдийн байгууллагынхыг уян хатан болгох шийдвэрийг гаргалаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.