СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-16

Эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиар тогтоох заалт 2028 оноос хэрэгжинэ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Ингэхдээ УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиар тогтоох заалт 2028 оноос эхлэн хэрэгжинэ гэдэг дээр дийлэнх гишүүд санал нэгдлээ.  Харин 2024 оны УИХ-ын сонгуулиар эмэгтэйчүүдийн квот 30 хувь хүртэл байх заалт хэрэгжих юм.

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс боловсруулсан тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн 42 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, 41 дүгээр зүйлийн зарим хэсгийг хасах, өөрчлөх, бэхэн тэмдэглэгээ хийхтэй холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан 66 дугаар зүйлийн 66.14 дэх хэсгийг хасах, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөллийг харгалзах, нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны нэгдсэн хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй байх, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах зардал энэ хуулийн 50.1-д заасны дагуу тогтоосон зардлын дээд хэмжээний 15 хувиас хэтрэхгүй байх, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох зэрэг нийт 13 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Мөн Байнгын хорооны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслийн талаарх 10 дахь зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон төслийн 1 дүгээр зүйлийн 30 дахь заалт буюу 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсгээр Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлж томьёолох шаардлагатай гэж үзсэн бөгөөд тус асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгээр зохицуулаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан журмын дагуу 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан дэгийн дагуу Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй 2 саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно гэв.

Түүний дараа УИХ-ын гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.  

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нэр дэвшигчдэд тавигдах шалгуур, жагсаалтыг эрэмбэлэхэд нам, эвсэлд тавигдах шаардлага нээлттэй байх ёстой хэмээв. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, хүйсийн ялгаваралгүй хөгжих боломжийг бүрдүүлэхэд энэ удаагийн УИХ шинэчлэл хийгээсэй гэж хүсч байгаа тухай, УИХ-ын гишүүн Т.Доржханд эмэгтэйчүүд парламентад олон байх нь төсвийн сахилга бат сайжрах, ардчиллын хөгжилд чухал ахиц дэвшил гарах тухай, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх талаар  олон улсын байгууллагын зөвлөмж болон иргэд, олон нийтийн илэрхийлсэн санал бодлыг танилцуулж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, дэлхий нийтийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн зорилтод жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарал хандуулж байна. Энэ бол ирж яваа цагийн өнгө юм. Технологийн хувьсгал зөөлөн ур чадварыг шаардаж байна. Тиймээс 40-160 сая эмэгтэйчүүдийн ажлын нөхцөл байдал өөрчлөгдөж, эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олноороо ажиллана  гэсэн судалгаа байна. Мөн  дэвшилтэд үзэл санааг дэмжиж байгаа бүх гишүүддээ талархаж байна гэв.

УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг томъёоллоор санал хураалт явуулж, уг хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.