УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэж байна. Төсвийн тодотгол хийснээр ирэх сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, тэтгэвэр нэмэх боломж бүрдэх юм. Тус тодотгол хэлэлцэх үер УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Монголын төрд олон хулгай нүүрлэсэн. Түүний хоёр нь ард иргэдийн цалин, тэтгэвэр тэтгэмжид шууд нөлөөлж байгаа. Засгийн газраас олон хулгайтай тэмцсэний үр дүн гарч, өнөөдөр тодорхой хэмжээнд иргэдийн хүсэн хүлээж байсан асуудлыг шат дараатай шийдэж байна. Тэр хоёр хулгайны нэг нь нүүрсний хулгай. Хоёрт, Хөгжлийн банкны өр Монгол Улсын өр болж байна. Мөн хүсэлт гаргасан иргэдэд л хүүхдийн мөнгө өгнө гэдэг зүйлээ больчих хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг шууд дансанд нь хийх ёстой. Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг олгож эхэлнэ. Хороо бүр дээр иргэдэд үйлчлэх боловсон хүчний нөөцгүй. Иргэд бухимдана, төрийн шийдвэр иргэдэд эсрэгээрээ бухимдал төрүүлэх учраас энэ асуудлаа зөв шийдээрэй.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Хүүхдийн мөнгийг уучлалт гуйгаад, хүүтэй нь өгөөрэй. Нэг сараас хойш зовоож зовоочихоод. Хүссэн хүүхдэд нь өгнө гэхгүйгээр авахгүй гэсэнд нь битгий өг. Сүүлийн хэдэн жил цэцэрлэг, сургууль барьсан гээд байгаа. Гэхдээ хоёр гурван жилийн өмнө барьсан барилгууд чинь эхнээсээ нурж унаж байна. Хамгийн муу материалаар барьж байгуулдаг та нар өөрсдөө очиж хараарай. Төрийн хэмнэлтийн хууль хөдөө орон нутагт л үйлчилж байна. Энэ хотод бол сайд даргаас их юм алга. Ер нь нэг л харь гарагаас ирсэн хүмүүс шиг гайхсан хүмүүс байх юм. Бие биеэ магтаад д сайхан болж байгаа юм шиг ярьж байгаа ч амьдрал дээр тийм биш байна. Уриа лоозон, хурал цуглаан л хийж байна. Гэтэл амьдрал бахь байдгаараа л байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Сүүлийн жилүүдэд хуримтлагдсан далд эдийн засгийг бий болгосон гэдэг утгаар Д.Ганбат гишүүнийг үг хэллээ гэж ойлголоо. Энэ боломж хэзээ нэг цагт гарах л байсан. Боломж нь гарсан учраас л энэ ажлыг хийж хэрэгжүүлэх гэж байна. Та бүх зүйлийг битгий улс төржүүлээрэй. Инфляцыг буусны дараа цалинг нэмэгдүүлнэ гэвэл тэр хүртэл хүлээх хүн үлдэхгүй. Төрийн албан хаагчид бүгд гадагшаа гараад явна. Долоодугаар сарын нэгнээс цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө нэмэгдэнэ. Энэ удаад тулгамдсан, орхигдсон, зайлшгүй анхаарах ёстой хүмүүстээ анхаарлаа хандуулж байна гэж ойлгож болно. Төсвийн тодотгол гэдгийг ойлгоорой гэж хүсэж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Энэ удаагийн төсвийн тодотгол ихээхэн ач холбогдолтой юм. Өмнө нь мөнгө санхүү нь хүрэлцдэггүй гэдэг байсан бол энэ удаад ашигтай ажиллаж байгаа учраас шаардлагатай салбарын хүмүүстээ өгье гэж байгаа юм байна. Манай спортын салбарынхан олон жил бага цалинтай явж ирсэн. Харин одоо ингээд нэмэгдэхээр болж байгаад баяртай байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.