Налайх, Багануур, Багахангай дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Миний бүтээл-Миний ирээдүй” шилдэг төсөл шалгаруулах уралдаан өндөрлөж, шилдгүүдээ тодруулжээ.
Тус төслийн уралдаанд 77 бүлгийн 2100 орчим хүүхэд оролцож, 160 гаруй төсөл ирүүлснээс нэгдүгээр байрт Налайх дүүргийн 103 дугаар сургуулийн 11а бүлгийн Б.Баасандулам ахлагчтай багийн “Стандарт боловсрол” төсөл тэргүүлсэн бол мөн тус сургуулийн 10б ангийн Э.Ууган-Эрдэнэ ахлагчтай баг “Эрүүл орчин” төслөөр удаалж, Багануур дүүргийн “Оюуны эрин” цогцолбор сургуулийн 10б ангийн Б.Аминаа ахлагчтай баг “Жаргалтай номын сан” төслөөрөө гуравдугаар байрт шалгарсан юм. Мөн Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн 12а бүлгийн Б.Эрдэнэбат ахлагчтай баг “Eco-Friendly school”, Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн 11а ангийн Г.Ариунжаргал ахлагчтай баг “Tapio’s Study room” төслөөрөө 4, 5 дугаар байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Энэхүү шилдэг төсөл шалгаруулах уралдаан нь 2023.03.01-ний өдрөөс эхэлж 3 сарын хугацаанд үргэлжилж, төсөл бичих зааварчилгаа, төслийн нэгдсэн уулзалт, төслийн сонсголын шат гэсэн үндсэн 3 шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд хүүхдүүдийн хувьд төсөл бичих арга, аргачлалд суралцсанаас гадна аливаа зүйлийн гарц шийдлийг олохоор зорьж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж өгсөн нь илүү өгөөжтэй байсныг төсөлд оролцсон сурагчид хэлж байлаа.
Мөн энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан шилдэгүүдэд хандан "Монголын залуус Та нар урам зориг, цэцэн мэргэн санаагаар дүүрэн бялхсан, баялаг их өв соёлын эзэд. Уламжлалаа хүндэтгэж, үндэсний ондоошлоороо бахарх. Эндээс та нар бизнесийн ялгарлаа ч олж харж мэднэ. Олж харж, мэдэрч буйгаа шинжлэн дүгнэж, учрыг нь ухаарах чадвартай бай. Хийсэн бүтээсэн чинь чиний тухай ярина гэдэг дээ. Ярихаасаа илүү боддог, хэлэхээсээ илүү хийдэг, бүтээдэг нэгэн байгаарай.
Ирээдүйн шинэ нээлт, дэлхийн брэндийг бий болгох эрч хүч, зорилго, амжилтыг хүлээж байна. Тийм болохоор анги хамт олон, гэр бүл, найз нөхдийнхөө урам зоригийг бадрааж, улс орныхоо хөгжилд жигүүр нэмэх тийм төсөл санаачилж, хэрэгжүүлээрэй. Амжилт бол өнөөдрийн та нарын барианд хүрээд хүртэх гэж буй цом, шагнал биш. Харин түүнд хүрэхээр тэмүүлсэн энэ өдрүүд, хамтдаа бүтээсэн аялал чинь юм шүү" хэмээн баяр хүргэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.