СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шадивлан зуслангийн бүсэд орц гарц чөлөөлөх ажлыг хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Зуслангийн бүсэд иргэд дур мэдэн газраа нэмж хашаалснаас шалтгаалан эмнэлгийн тусламж авах, түймэр гарлаа гэхэд онцгой байдлын машин явах боломжгүй нөхцөлийг үүсгэжээ.

Бүр зарим нь гэртээ орохын тулд хэдэн айлын хашаа дамнан алхах тохиолдол ч байдаг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирдэг өргөдөл, хүсэлтийн 50 орчим хувь нь орц, гарц гаргах тухай байдаг байна. Иймээс тус албанаас зуслангийн бүсийн 26 аманд дахин төлөвлөлт хийж эхэлсэн бөгөөд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийнх дуусжээ. Энэ хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран эхний ээлжид Шадивлангийн амны газар ашиглалтын байдлыг сайжруулж, жишиг ам болгохоор бэлтгэл ажлыг хангаж байна.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дүүрэг хариуцсан газар өмчлөлийн мэргэжилтэн Х.Хишигбадрах:

 

-Эхний ээлжид Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн аманд орц, гарц гаргах ажлыг эхэлж байна. Орц, гарцаа шийдээгүйгээс иргэд эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүсдэг. Иймээс үүнийг шийдэх нь нэн чухал. Мөн иргэдийн эрүүл агаарт гарах нөхцөлийг бүрдүүлж, ойн сан бүхий газрынхаа орц, гарцыг шийдэж, зогсоол байгуулж, явган аялах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Дөрвөн амны иргэдтэй төлөвлөлт хийж байгаа компани өнгөрсөн жилээс уулзаж, мэдээлэл өгсөн. Төлөвлөлтийг иргэдийн оролцоотой хийнэ. Иргэдийн объектыг дайруулж газар чөлөөлөхгүй. Мэдээж бага хэмжээгээр хашааг татах асуудал бол бий. Шадивланд 2500 нэгж талбар байгаагаас 610 орчим нь төлөвлөлтөд тодорхой хэмжээгээр өртөж байгаа. Иргэдтэй уулзахад дэмжиж байгаагаа илэрхийлсэн хэмээв.

 

Шадивлангийн иргэд орц, гарц гаргах ажил өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн. Энэ бол зусланд нэн зайлшгүй хийх шаардлагатай ажил. Гэвч иргэд кадастрын зургаасаа илүү хэмжээгээр хашаа татаж, орц, гарц гаргах гэхээр зөвхөн өөрийн эрх ашгаа бодож дэмжихгүй, эсэргүүцэх тохиолдол байдаг гэдгийг хэлж байлаа. Мөн нийт иргэдийн эрх ашгийг харгалзан, орц, гарц гаргах ажилд идэвхтэй, хүндэтгэлтэй хандахыг уриалсан юм.

 

Ташрамд, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 амны зуслангийн бүсэд нийт 53,505 нэгж талбар бүртгэлтэй. Дээр дурдсан дөрвөн байршилд 2225 иргэн байнга, 18,711 иргэн түр оршин суудаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.