"Эрдэнэт үйлдвэр"-ийн 69.9 тэрбумын хөрөнгөөр 2015 онд барьж дуусгасан "Эрдэнэс медикал" эмнэлгийг 2016 онд ямар ч үнэ төлбөргүйгээр 18 жилийн гэрээ байгуулж, улмаар хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлжээ. Одоо тус эмнэлгийн захирлаар ажиллаж байсан Я.Энхчулуун хил гарч зугтсан бөгөөд тус эмнэлгийн асуудлыг АТГ-аас шалгаж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол гарч 2022 оны хоёрдугаар сард “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Медипас” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т буцаан авсан байдаг.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнгийн тушаалаар 2016 онд “Эрдэнэт медикал” төв эмнэлэгт оруулсан хөрөнгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр “Медипас” ХХК-ийн балансад шилжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн балансаас хасах шийдвэр гарч, нийт 70 тэрбум төгрөгийн барилга, орон сууц, дэд бүтэц, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгийг шилжүүлэн өгсөн байдаг.
Ийнхүү “Эрдэнэт медикал” эмнэлгийг хувийн хэвшилд шилжүүлэхдээ 18 жилийн гэрээ хийсэн ч, нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй таван жилийн хугацааг өнгөрчээ. Дан ганц эмнэлэг бус 50 айлын орон сууц, авто зогсоол, тоног төхөөрөмж, эд хогшлууд шилжүүлж авсан ч улсад ямар ч төлбөр төлөөгүй. Үүгээр ч зогсохгүй Эрдэнэт үйлдвэрээс 2016-2022 оны хооронд 12.7 тэрбум төгрөг шилжүүлэн авсан байдаг. Энэ мэт төрийн өмчийг үнэгүйдүүлдэг, төрийн мөнгөөр өөрийнх нь хөрөнгийг худалдаж авдаг асуудал байгаа учраас Монгол Улсын Засгийн газраас энэ асуудалд онцгой анхаарч, тус эмнэлгийг буцаан авах шийдвэрийг гаргажээ.
Эргэн сануулахад “Эрдэнэт медикал” эмнэлгийн барилгыг “Эрдэнэт” үйлдвэрийн 69.9 тэрбумын хөрөнгөөр 2015 онд барьж ашиглалтад оруулжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тус мөнгийг 100 хувь гарган барьж, ашиглалтад оруулсан. Дараа нь Японы тал энэ хөрөнгийг худалдаж аваад эргүүлж төлөх нөхцөлтэй ажиллаж байгаа. Мөн Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд гурван жилийн дотор Японы тал өөрийн хөрөнгөөр нэмж 200 ортой эмнэлэг барьж өгөх гэрээтэй ажиллаж байна гэж тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн хэвлэлд ярилцлага өгчээ.
Ц.Даваацэрэнгийн хувьд 2016 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар ажиллаж байсан нэгэн. Улмаар тухайн үедээ "Эрдэнэт үйлдвэр"-ийн хөрөнгөөр барьсан "Эрдэнэт медипас" эмнэлгийн барилгыг Ядамсүрэнгийн Энхчулуун захиралтай "Медикал" ХХК-д өгөх тушаал гаргасан байдаг. Одоо тус эмнэлгийн захирлаар ажиллаж байсан Я.Энхчулуун хил гарч зугтсан бөгөөд тус эмнэлгийн асуудлыг АТГ-аас шалгаж байгаа юм.
Төрийн өмчийн 70 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хувийн хэвшилд хууль бусаар шилжүүлж, хувьдаа их хэмжээний ашиг олж, оргон зугтсан энэ мэт этгээдүүдэд хариуцлага хүлээлгэж, шударга байдлын тогтоохыг олон нийт шаардсаар байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.