Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO-2023” эхэллээ. Арга хэмжээ зургаадугаар сарын 9,10,11-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох юм. Экспог нээж Инновац, цахим хөгжлийн сайд Н.Учрал үг хэллээ.
УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:
-Монгол улсын Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд ирэх арван жилийн хөгжлийн концепцоо бид өчигдрийн форумаараа ярилцлаа. Minegolia-гоос Mindgolia буюу мэдлэгт суурилсан хөгжлийг бид авчрахын төлөө энэхүү цуврал арга хэмжээг явуулж байна. Өнөөдрийн арга хэмжээнд 150 гаруй аж ахуйн нэгжийн 9000 гаруй оролцогч оролцож байна. АНУ, Тайланд, ОХУ, БНХАУ зэрэг орны 150 гаруй зочид хүрэлцэн ирээд байна.
И-Монголиа 3.0 хувилбарыг нэвтрүүлснээр төрийн 1072 үйлчилгээ цахимжаад байна. И-бизнес платформыг ЗДТГ-тай хамтран нээснээр нийслэл, яам, агентлагуудаас олгодог 270 зөвшөөрөл цахимжиж, 4 сая хандалт хийгдэж, 17 мянган компани байгуулагдаж, одоогоор 5500 зөвшөөрөл олгогдоод байна.
Хүн биш технологи засагладаг нийгмийг бүтээхийн төлөө 750 мянган мөр, 68 төрлийн мэдээллийг Шилэн ажиллагааны хүрээнд ил болгоод байна.
Харилцаа холбооны салбар харилцаа холбооны салбараас орлогын 72 хувиа бүрдүүлж байна. Гэтэл мэдээллийн технологийн салбараас олох орлого 0,2 хувь хүрэхгүй байна. Гэтэл БНСУ мэдээллийн технологиор өнгөрсөн жил 29,1 тэрбум ам.доллар олдог юм.
Салбарын дөрвөн чухал хууль батлагдсан. 120 хууль хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Мэдээлэл, технологийн компаниудыг татварын бодлогоор дэмжих, чөлөөт бүс байгуулах хуулийн төслийг ирэх намрын чуулганаар оруулахаар төлөвлөөд байна.
Энэ ондоо багтаад МТҮП, МЦХ ХК, МХСүлжээ компаниуд Хөрөнгийн биржид гарч, нээлттэй компани болно.
МТҮП-ын захирал Ж.Золзаяа:
-16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ICT-Expo арга хэмжээ нь олон улсын шинжтэй, үр дүнд суурилсан, ажил хэрэгч уур амьсгалтай болж байна.
1972 онд үүсгэн байгуулагдсан, 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Мэдээлэл технологийн үндэсний парк (МТҮП) нь мэдээлэл, технологийн стартапуудыг бойжуулдаг инкубатор төв юм.
Экспогийн хүрээнд 20 гаруй арга хэмжээ зохиогдож, 150 гаруй аж ахуйн нэгж оролцож, 150 мянган хүн ирж үзэх тооцоотой байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.