СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн даргын угаасан мөнгийг эх оронд нь шилжүүлэн авахаар ажиллаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан, “Жаст групп”-ийн Ш.Батхүү нарт холбогдох хэрэгт олон жил мөрдөх байгууллага, шүүхийн хаалга татсан Г.Амарбат албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.

Тодруулбал, түүнийг 2010-2013 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад худалдааны хэлтсийн дарга байхдаа тус үйлдвэртэй зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулж хамтран ажилладаг “Трафигура бехеер Амстердам”, “Таурус металс” гэх компанийнханд үйлчилж тээвэрлэлтийн хуваарийг хүсэлтийнх нь дагуу өөрчилснийхөө хариуд 678 132 ам.долларын хахууль авсан хэрэгт яллагдагчаар татсан юм.

НПГ-аас Г.Амарбатад Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан”, 18.6-1-ийн “Эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Тус шүүх энэ оны гуравдугаар сарын 22-нд түүнд холбогдох хэргийг хэлэлцээд зэсийн баяжмал ачих жагсаалтыг өөрчилсний хариуд Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй, өөрийн үүсгэн байгуулсан “Гарланд маркетинг” компанийн Латвийн “Ритуму” банканд эзэмшдэг дансаар дээрх мөнгийг хахууль болгож авсан. Ингэхдээ “Трафигура Бехеер Амстердам”, “Таурус Металс”-ын нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгж болох “Etona investment corp”, “Grinder trade investment LTD”, “Noble phonenix limited” компаниар дамжуулан дансаар шилжүүлүүлж байсан нь тогтоогдсон гэж үзсэн юм.

Мөн нийтдээ 1.7 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг угаасан гэм буруутай гэж шүүх дүгнээд хахууль авсан үйлдэлд нь нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, хоёр жил хорих, мөнгө угаасан хэрэгт нь зорчих эрхийг нэг жил хасах ял шийтгэсэн билээ. Гэвч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгочихоод буй.

Бидний авсан мэдээллээр АТГ-ынхан Латвиас Г.Амарбатын хахууль болгож аваад, “Ритуму” банканд нь хувирган угаасан мөнгийг эх орондоо шилжүүлэхээр нэлээд хөөцөлдөж буй аж. Засгийн газрын “5Ш” хөтөлбөрийн нэг “Шилжүүлэн авах” ажиллагааны хүрээнд АТГ-ынхан Бүгд Найрамдах Латви Улсын Хууль зүйн яамтай хэлэлцээ хийж, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа гэнэ. Латвийн тал уг мөнгийг өгөхгүй, эх орондоо шингээхээр болсон ч манай АТГ-ынхан яриа хэлэлцээ хийсний дүнд Г.Амарбатын албан тушаалаа урвуулж, гадаадын компаниудаас хахуульд авсан, түүнийгээ олон улсаар дамжуулан угаасан гэх мөнгийг нь харь гүрнийхний олз болгохгүй байхаар болсон сурагтай. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.