Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ "ICT EXPO-2023"-н хүрээнд зохион байгуулж буй “ICT Forum Mindgolia 2023” арга хэмжээний өнөөдрийн сүүлийн илтгэгч "Ondo" брэндийг үүсгэн байгуулагч Ч.Анар "Монголын гарааны бизнесийн өнөөгийн нөхцөл байдал" сэдвээр илтгэл тавилаа.
"Ondo" брэндийг үүсгэн байгуулагч Ч.Анар:
-Хэдийгээр өмнө нь байсан боловч гарааны бизнес буюу стартапуудыг бэлтгэж эхэлсэн нь 2010 оноос эхтэй. Дэлхийн банкны санхүүжилтээр гарааны бизнесүүдийн сургалт зохиогдох болж, залуучууд нэгдэж, туршиж эхэлснээр 2015-2022 оны хооронд ubcab, shoppy, lendmn зэрэг монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон гарааны бизнесүүд бий болоод байна.
Нэг үеэ бодоход гарааны бизнесийн хөрөнгө оруулагч их болсон. MCS venture гэх мэт сангуудтай болсон, зуучлалын компаниуд бий болоод байна, анжел хөрөнгө оруулагчид төрөн гарсан. Чанартай төслүүдийг хайсаар байна. Үнэндээ шаардлага хангасан чанартай төсөл цөөхөн байна.
Харин хүндрэлийн хувьд эдийн засгийн өгөөжийг жижиг зах зээл дээр хараад хөрөнгө оруулахгүй байх явдал их байна. Мөн, хууль зүйн талаас хөрөнгө оруулагчийн өгөөжийг зохицуулах зохицуулалт сул. Хууль зүйн зохицуулалт сул ч, үүнийг давуу тал гэж харвал ямар ч технологийг турших боломжийг бидэнд олгож байна. Монголд туршаад гадаадад экспортлох боломжтой. Яагаад гэвэл монголчууд шинэ зүйлийг маш хурдан хэрэглэж хэвшдэг нь маш том давуу тал.
Өөр нэг хүндрэл нь гэвэл, нэг нэгнээ хуулбарладаг. Өндөр хөгжилтэй оронд үүнийг эрх зүйгээр зохицуулсан байдаг ч Монголд энэ нь сул. Мөн, боловсон хүчин хомстолтой. Хичнээн гоё санаа байгаа ч гүйцэтгэх хүн байдаггүй. Бас, дүр исгэгч ихтэй. Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж байгаа.
Гэтэл зөвхөн мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт 2025 он гэхэд 11,5 тэрбум ам.доллар болж нэмэгдэхээр байна.
Миний хэлэх гэсэн хамгийн чухал зүйл бол, дэлхийд үлгэр жишээ болгоод харуулчих гарааны бизнес Монголд байхгүй байна. 3,9 сая хүн амтай Эстони улсад гэхэд 8 тэрбум доллараар үнэлэгдсэн юникорн компани бий болчихоод байна.
Гарааны бизнест Засгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Монгол улс цахим яамтай болсон нь олзуурхууштай. Иймд Засгийн дэмжлэгтэйгээр дэлхийд жишиг болгоод харуулчих нэг юникорнтой болохын төлөө бүгдээрээ нэгдэж ажиллахыг уриалж байна...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.