Боловсролын зээлийн сангаар хэн, яагаад, яаж “үйлчлүүлдэг”-ийг бид мэддэг болсон. Асар өндөр дүнтэй мөнгө зарсан энэ үйл ажиллагаа нь эрүүгийн гэмт хэрэг мөн эсэхийг нягтлахаар хууль хяналтынхан ажиллаж эхлээд байна.
Тэгвэл ИНЕГ-аас мөн л өндөр дүнтэй мөнгийг “...Нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх” нэрийн дор замбараагүй зарцуулж ирсэн нь тодорхой болж байна. Яг л Боловсролын зээлийн сангийн “загвар”-аар зарцуулсан байгаа юм. Зөвхөн хамаарал бүхий этгээдүүдээ гадаадад сургахад 2010-2021 оны хооронд 6 049 986 ам.доллар зарцуулжээ. Энэ 12 жилийн хугацаанд гэр бүл, хамаатан саднаа гадаадад сургахад Монголбанкны өчигдрийн ханшаар 20 тэрбум гаруй төгрөг зарсан байна.
ИНЕГ нь навигац буюу өнгөрөлтийн нислэгийн орлого, нисэх буудлын хураамж, хөөрөлт буулт, ачаа шуудан гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээнээс орлого олдог. Орлогынх нь 95 хувийг навигац бүрдүүлдэг. Харин навигацын орлогоос нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургалтуудад сургах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, аюулгүй ажиллагаанд мөнгө зарцуулахыг зөвшөөрдөг байна.
Цар тахлын өмнөх хүртэл буюу 2019 онд хоногтоо 400-450 онгоц манай улсын дээгүүр нисэн өнгөрдөг. Тэр жил 156 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байв. Харин цар тахлаас хойш хоногтоо 70-80 онгоц л өнгөрч, 80 хувиар буурсан байна. Дагаад орлого нь ч мөн 80 хувиар буурчээ. Тиймээс 2020 онд 75 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
2020 онд ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн “...Ирэх оны улсын төсөвт төвлөрүүлэх навигацийн орлогыг Иргэний нисэхийн ерөнхий газраас 48.8 тэрбум төгрөг байхаар саналаа өгсөн ч Сангийн яамнаас 120 тэрбум төгрөг байхаар төсөлд тусгасан. Урсгал зардал болон хойшлуулж болох хөрөнгө оруулалтын зардлаа танаж, эхний ээлжид орон нутгийн нисэх буудлуудад хийгдэх 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа зогсоосон” гэж байв. Мөн 2022 онд ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнхнасан “...Манай нийт орлогын 95 хувь нь навигацийн орлогоос бүрддэг. 2019 оныг хүртэл жилдээ тогтмол 10 орчим хувийн өсөлттэй явсан. Оргил үе болох 2019 онд бид 133,000 агаарын хөлгийг аюулгүйгээр, Монгол улсын агаарын орон зайд нислэг, удирдлагын үйлчилгээг үзүүлэн 320 орчим тэрбум төгрөгийг бүрдүүлж, улсын төсөвт 156 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг. Харамсалтай нь дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор 2020, 2021 онууд хүнд жил боллоо. Нислэгийн тоо 60 орчим хувиар, зорчигч урсгалын тоо 80-90 орчим хувиар буурлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид 68,000- 73,000 агаарын хөлгийг өнгөрөөж, үүнийгээ дагаад орлого буурсан” гэж байсан.
Гэсэн ч ИНЕГ-ынхан боловсон хүчин бэлтгэх зардлаа танаагүй байна. Харин ч өссөн байгаа юм. Хамгийн гол нь навигацын орлогоор Иргэний нисэхийнхнээс гадна ЗТХЯ-ны удирдлагууд, улстөрчид, хууль хяналтныхны хамаарал бүхий этгээдүүд гадаадад суралцжээ.
ИНЕГ-ын даргаар 2010-2012 оны сүүлч хүртэл ажилласан С.Батмөнхийн үед тус газрынхны хамаарал бүхий 50 хүн 3 353 310 ам.доллараар гадаадад сурчээ. Тухайлбал, түүний дүүгийн хүүхэд С.Лхагвадорж 36 637 ам.доллараар Канадад Тээвэр зохион байгуулалт, ИНЕГ-ын даргын туслах асан Б.Баярсайхан 63 735 ам.доллараар АНУ-д Бизнесийн удирдлагын мастер, ИНЕГ-ын Санхүүгийн албан дарга асан н.Цэндээгийн хүү Очирбат 75 200 ам.доллараар Канадад Агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын инженер, ИНЕГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга асан н.Нямсүрэнгийн охин Б.Туул 31 000 ам.доллараар ОХУ-ын Иргэний нисэхийн их сургуулийн Тээвэр зохион байгуулалт, ИНҮТ-ийн ЗХНГ-ын менежер н.Туяагийн охин Л.Номин 211 174 ам.доллараар Канадад Агаарын тээврийн технологи, ИНЕГ-ын Баазын дарга н.Батхуягийн хүүхэд Булган 129 373 ам.доллараар Канадад Аэродромын ашиглалт, ИНЕГ-ын харьяа “Жаргалант” амралтын дарга н.Отгонжаргалын хүү Баярмагнай 85 755 ам.доллараар АНУ-ын Нисэхийн коллежид Агаарын хөлгийн нисгэгч, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнийн хамаарал бүхий Б.Баярболд 85 755 ам.доллараар АНУ-ын Нисэхийн коллежид Агаарын хөлгийн нисгэгчээр суралцсан. Мөн МИАТ-ийн захирал асан н.Жаргалсайханы хүү Тамир, нисгэгч н.Нямсайханы дүү Э.Энхбаяр, нисгэгч н.Мөнхбаярын хүү Одбаяр, нисгэгч н.Бат-Эрдэнийн хүү Цэнгүүн нар тус бүр 85 755 ам.доллараар АНУ-ын Нисэхийн коллежид Агаарын хөлгийн нисгэгчээр суралцжээ.
С.Буяндалайг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2014 оны хоёрдугаар сарын 21-нийг хүртэл ИНЕГ-ын даргаар ажиллах хугацаанд Ц.Батын хүү Зориг 32 709 ам.доллараар АНУ-ын Канзасын их сургуульд Агаарын зайн инженерээр, УИХ-ын гишүүн асан н.Дэмбэрэлийн хамаатан Ж.Өлзийхишиг 57 730 ам.доллараар АНУ-д Олон улсын бизнесийн мастераар сурч, нийт 90 439 ам.доллар зарцуулсан байна.
Т.Лхагвасүрэнг 2014 оны хоёрдугаар сарын 21-нээс 2015 оны дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэл ИНЕГ-ын даргаар ажиллах хугацаанд нисэхийнхний хамаарал бүхий есөн хүн 368 516 ам.доллараар гадаадад сурчээ. Тухайлбал, ИНЕГ-ын дарга асан Т.Лхагвасүрэнгийн охин Хонгорзул 105 200 ам.доллараар АНУ-д Олон улсын бизнес худалдаа, харилцаа, ИНЕГ-ын дарга асан С.Буяндалайгийн эхнэрийн дүү Б.Жаргалмаа 63 000 ам.доллараар Австралид Нисэхийн менежмент, ИНЕГ-ын НААХЗА-ны дарга асан н.Энх-Амгалангийн хүү Ганхүү 59 000 ам.доллараар Канадад Агаарын хөлгийн нисгэгч, ИНЕГ-ын Санхүүгийн газрын дарга асан н.Нэргүйн хүү Хангал 54 420 ам.доллараар Австралид Бизнесийн удирдлагын магистр, ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн дүүгийн хүүхэд Д.Таяа БНСУ-д Нислэгийн хөдөлгөөний удирдлага, Ц.Батын хүү Мөрөн 105 608 ам.доллараар АНУ-д Агаарын зайн инженерээр сурчээ.
ИНЕГ-ын даргаар 2015 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 2015 оны есдүгээр сарын 14-ний хооронд ажилласан Ц.Эрдэнэбилэгийн үед нисэхийнхний хамаарал бүхий найман хүн 498 102 ам.доллараар гадаадад сурсан байна. Тэр үед ИНЕГ-ын дарга асан С.Буяндалайгийн хамаарал бүхий Э.Энхмөнх 750884 ам.доллараар Австралид Бизесийн удирдлага, Цэцийн дарга асан Н.Жанцангийн ач О.Хулан 125 436 ам.доллараар Австралид Иргэний нисэхийн үйл ажиллагааны менежментээр сурсан байж жишээтэй.
Мөн Г.Нямдавааг 2015 оны есдүгээр сарын 14-нөөс 2016 оны наймдугаар сарын 31-ний хооронд таван хүн 417 795 ам.долларыг “боловсон хүчин”-үүдээ гадаадад сургахад зарцуулжээ. Тухайн үед ИНЕГ-ын дарга асан Т.Лхагвасүрэнгийнохин Хонгорзул 64200 ам.доллараар АНУ-д, ИНЕГ-ын НААХЗА-ны дарга асан Ё.Эрдэнэбатын хүү Амгаланбаатар 162 360 ам.доллараар БНСУ-д Агаарын хөлгийн нисгэгч, Налайхын прокурорын орлогч асан н.Ууганбаатарын хүүхэд Амаржаргал 162 360 ам.доллараар АНУ-ын Иргэний нисэхийн шинжлэх ухаан, технологийн мэргэжлээр суралцсан байна.
Л.Бямбасүрэнг 2016 оны наймдугаар сарын 31-нээс 2021 оны наймдугаар сарын 11-ний хооронд ИНЕГ-ын даргаар ажиллахад 28 хүн 1 381 824 ам.доллараар гадаадад суралцсан байна. Тэр үед одоогийн ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяагийн хүүхэд Б.Золбоо 92 618 ам.доллараар АН-д Инженерингийн үндсэн анги, ИНҮТ-ийн ХАГ-ын дарга байсан н.Өнөрцэцэгийн охин Г.Бөртэгэлжин 121 208 ам.доллараар АНУ-д нисэхийн менежмент, ИНЕГ-ын ДБТ-ийн дарга Ё.Энхтөрийн охин Мишээл 49 600 ам.доллараар Канадад нягтлан бодогч, ИНЕГ-ын Санхүүгийн газрын дарга асан Г.Наранцэцэгийн хүүхэд Х.Энхжин 194 700 ам.доллараар Канадад, Ц.Батын Булган ХБНГУ-д Аялал жуулчлал ба нисэхийн менежмент, Зам тээврийн дэд сайд асан Х.Ержаны хүү Бахберген 33 600 ам.доллараар АНУ-д агаарын зайн инженер зэрэг мэргэжлүүдээр тус тус суралцжээ.
Үргэлжлэл бий...
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 112 (7097)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.