Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулилтыг зохион байгуулна. Тус стратегийн команд штабын сургуулилтын талаар албаныхан мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр:
-Стратегийн команд штабын сургуулилтыг зохион байгуулах хэд хэдэн шалтгаан бий. Сүүлийн жилүүдэд манай улсын газар хөдлөлтийн тоо, давтамж, хүч нэмэгдэж байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улсад 327,000 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 1,976 удаа тохиолджээ.
Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг. Судлаачид долоо дахь хагарлыг судалж байгаа. Энэ нь бидэнд эрсдэл өндөр байгааг харуулж байна. Сүүлийн арван жилийн байдлаар нийслэлд 12 мянга гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн. Үүнээс 68 удаагийн газар хөдлөлт нь 3.5 магнитудаас дээш хүчтэй байжээ. Иймээс газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх, ард иргэдийн бэлэн байдлыг хангах шаардлага үүсэж байгаа учраас Стратегийн команд штабын сургуулилтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэ сарын 7-9-ний өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Сургуулилтыг маргаашаас эхлэн гурав хоногийн хугацаанд зохион байгуулна. Уг сургалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр оролцож сургалтын үйл ажиллагаатай танилцана.
Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвд гамшгаас хамгаалах алба, яам, агентлаг, төрийн цэргийн байгууллагын нийт 295 алба хаагч 72 цагийн хугацаатай тасралтгүй сургалтыг зохион байгуулна. Сургалтын үйл ажиллагаатай холбогдуулаад 21 аймагт ослын удирдлагын баг бүрэлдэхүүн ажиллана. Нийлбэр дүнгээрээ 2900 гаруй алба хаагч ажиллахаар төлөвлөсөн.
Стратегийн команд штабын сургуулийн бодлогын хүрээнд мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэн сургалтыг зохион байгуулна. Нийслэлийн зургаан дүүрэгт газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх аврах, гал унтраах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тэсэрч дэлбэрэх бодис болон химийн хорт бодисыг аюулгүй болгох мэргэжлийн ангийн дадлага сургуулийг зохион байгуулна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.