СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эрдэнэс Тавантолгой”-н нэг албан тушаалтныг шалгаж дуусаж, нэмж хүн хорилоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт 830 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас наймд нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлжээ. Тэдний дунд “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан тушаалтанд холбогдох үйлдэл багтсан байна.

Тодруулбал, саяхныг хүртэл ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан, эл компанийн Маркетинг, борлуулалтын албаны ахлах мэргэжилтэн Б.Булганд холбогдох, бусдаас хээл хахууль авсан хэргийг шалгаж дууссан аж. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхнээс хахууль авсан хэмээн буруутгагдаж буй юм.

“Нүүрсний” гэх хэргийн мөрдөн шалгах ажлын хэсгийнхэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бусад албан тушаалтантай холбоотой хэргийг нарийвчлан шалгасаар байгаа аж. Тухайлбал, тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатад холбогдох, үндэслэлгүй хөрөнгжсөн, албан тушаалаа урвуулж, өөртөө болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал бий болгосон хэрэгт шинэ нотлох баримтууд гарч ирсэн байна. Түүнийг уг нь НПГ-аас “Тавантолгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй хэмээн шалгасан бoгooд Х.Нурлатын хамаарал бүхий компани Казахстаны Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцын хороолол барьж, хууль бусаар олсон мөнгөө угаасан байж болзошгүй гэж буруутгаж буй билээ.

Тэгвэл Х.Нурлаттай холбоотой өөр нэг үйлдэлд “Мон-зам ложистик” ХХК-ийн захирал Л.Цэнд-Аюушийг цагдан хорьж шалгаж эхэлсэн байна. Хууль хяналтын байгууллагын эх сурвалжуудаас энэ талаар тодруулахыг хүссэн ч “Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас мэдээлэл oгoх боломжгүй” гэсэн хариулт хэлэв. Юутай ч “Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон аж ахуйн нэгжийн удирдлагын тоо нэгээр нэмэгдээд байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.